АРХАНГАЙ: Эрэлт хэрэгцээнд тулгуурлан ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-29 16:26:18

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн үйл ажиллагаа салбар дундын хэлэлцүүлгүүдээр эхэлсэн. Энэ сарын 28-ны өдөр “Архангай-100” боловсролын хөгжлийн форумыг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа.


Энэхүү форум нь боловсролын салбарын бүх шатны байгууллагын удирдлага, багш, ажилтан, албан хаагчид, хүүхэд багачууд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын төлөө хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан боловсролын чанарыг сайжруулахад хамтран ажиллах, өөр өөрсдийн зүгээс хийж чадах зүйлс, хамтын ажиллагааны арга замыг тодорхойлох байлаа.  


Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг Архангай аймгийн боловсролын салбарынхан төрийн болон боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг, суралцагч гэсэн таван салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцлээ.


Боловсролын багц хуульд анх удаа эрх зүйн томоохон шинэчлэл хийгдэх гэж байгаа бөгөөд боловсролын тогтолцоог үндсээр өөрчлөх хэд хэдэн чухал заалт багтсан юм. Тухайлбал, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, багшийн үнэлгээг шинэчлэх, боловсролын салбарын томилгоог улс төрийн оролцоогүй сонгодог болох, багшийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр туссан байгаа юм.


Архангай аймгийн сургууль, цэцэрлэгийн нийт 65 байгууллагад 1250 багш, сурган хүмүүжүүлэгч, 25111 суралцагч сурч, хүмүүжиж байна. ЕБС-ийн анги дүүргэлт бага анги 28.9 хувь, дунд анги 27.3, ахлах анги 26.15 хувь байна. СӨБ-ын тухайд дунджаар 27.9 хувьтай байна.


Тус аймаг боловсролын чанар, үр дүнг дэмжсэн төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч шилдэг гурван аймгийн нэг болсон юм. Тухайлбал, цахим хэрэглээ, эрүүл мэнд, сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн тасралтгүй хөгжлийг хангах зэрэгт зардал гаргажээ.


БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн гүйцэтгэлийн үнэлгээгээр Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ улсын дундаж 72.5 байхад 73.5 хувь, сургуулийн өмнөх боловсролын улсын дундаж 85.6 хувь байхад 86.79 хувьтай үнэлэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор багш, сурган хүмүүжүүлэгч нарт шатлалаас нь хамаарч 10-20 хувийн гүйцэтгэлийн урамшууллыг олгож байна.


Мөн 2018 онд боловсролын салбарын хөгжлийн чуулганыг зохион байгуулснаас хойш ЭЕШ-ын оноо 2018 онд 495 байсан бол 2022 онд 513 болж өссөн тухай аймгийн БШУГ-ын дарга Ц.Мөнхбат илтгэлдээ тэмдэглэн хэлж, салбар дундын асуудлаа тухай бүр хэлэлцэж, ажлаа сайжруулж явах нь үр дүнтэй юм гэдгийг хэлж байв.


Хэлэлцүүлгээс сум орон нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, бүх нийтийн насан туршийн боловсролыг эзэмшүүлэхийн тулд төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, цахим орчинд зөв зүйлийг түгээх, бид манлайллыг өөрсдөөсөө эхлүүлэх, суралцах, сургах үйл ажиллагааг бүх талаар дэмжиж оролцох, хүүхдийн онцлог давуу талыг нь судалж хөгжүүлэх, багшийн нэр төрийг эрхэмлэх зэрэг олон санал санаачилгыг гаргаж ирсэн юм.

Харин хүүхдийн салбар хэлэлцүүлгээс сурагчид өөрсдийн мөн чанараа танин мэдэж, ирээдүйн мэргэжлээ сонгох, үе тэнгийн найзуудаа уриалж, хамтдаа хандлагаа өөрчилье, ёс зүйг эрхэмлэе, аливаад идэвх, оролцоотой байж, өөрийгөө хөгжүүлье, суръя, мэдье гэсэн сониучхан зангаараа цахим орчныг зөв, зохистой хэрэглэе зэрэг өөрсдийн хөгжих, таньж мэдэх, хандлагатай холбоотой санаачилгуудыг гаргажээ.


Эцэг, эхчүүдийн тухайд хүүхдийнхээ онцлог, давуу талыг танин мэдэж, хөгжүүлэхэд анхаарах, хандлагаа өөрчилж, ёс зүйг эрхэмлэн, үлгэрлэе, эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн төлөө идэвх, оролцоотой байя гэсэн уриалгыг гаргасан байна.


100 жилийн ойн хүрээнд хийж байгаа боловсролын хэлэлцүүлгээс гарсан асуудал, саналыг шат дараатай шийдвэрлэхээр БШУЯ, тус аймгаас сонгогдсон УИХ ын гишүүд хамтран ажиллана гэлээ.


Архангай аймгийн боловсролын салбарт 2016-2023 оны хооронд буюу 7 жилийн хугацаанд улсын төсвийн 34.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга, бүтээн байгуулалт, их засварыг хийжээ. Харин 2023 онд сургууль, цэцэрлэгийн барилга, их засварт улсын төсвийн 39.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулж, ажил явагдаж байна.


Мөн Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар сүүлийн гурван жилд 500.0 сая төгрөгийн компьютер олгожээ. 

Related news