Албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвшихийг дэмжихгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 17:09:22

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн хуультай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, зарим аймагт үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд өглөө.

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг.

Гэтэл Үндсэн хуулийн цэцээс энэхүү хуулийн заалтыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Харин МАН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн энэхүү 12 тоот дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт, "Цэц засгийн эрх баригч нам, одоо ажиллаж байгаа төрийн удирдах албан тушаалтнуудад давуу байдал бий болгосон дүгнэлт гаргалаа. Сөрөг хүчин, бусад улс төрийн намаас нэр дэвшигчид, жирийн иргэд, улс орноо хөгжүүлэх бодлогод оролцъё гэсэн хүмүүст харин явган таваргах дүгнэлтийг гаргасан байна. Тиймээс бид энэ дүгнэлтийг хүлээж авахгүй" гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа орон нутгийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. Нэгдүгээрт Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргаа огцруулсан, хоёрдугаарт Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дөрвөн тойрогт дөрвөн сарын өмнө явагдсан дахин сонгуулийн үр дүнг баталгаажуулаагүй, гуравдугаарт Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдаан хууль бус болсныг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн атал Ерөнхий сайд хууль бус Засаг даргыг батламжилсныг дурдлаа.

Б.Туул

Related news
Comments