ДАРХАН-УУЛ: “Хүүхдийн галт тэрэг” зуны зорчигч тээврээ эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Дархан хот үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Монголын анхны “Хүүхдийн төмөр зам” байгуулж зорчигчдоо 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч эхэлсэн. 2022 онд хүүхдийн галт тэргээр нийт 22 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ. Тэгвэл 2023 оны зорчигч тээврийн зуны үйл ажиллагаагаа өнгөрсөн бямба гарагт эхлүүллээ.
Хүүхдийн галт тэрэг долоо хоногийн даваа, мягмар гаргаас бусад өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд аялна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын хамт олон хоёр шөнө, нэг өдрийн галт тэрэгний аяллыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын хүүхэд багачуудыг аав, ээж, асран хамгаалагчийн хамт нийтийн тээврийн галт тэрэг болон хүүхдийн галт тэргээр аялж Дархан хоттой танилцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, 300 гаруй иргэн хамрагдсан аж. Цаашид хөтөлбөртөө өөрчлөлт оруулж Улаанбаатар-Дархан чиглэлд автобусаар зорчих, ирсэн даруйд хүүхдийн галт тэргээр аялаад өдөртөө буцдаг болгох маршрутыг нээхээр төлөвлөжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улиасхан цэцэрлэгийн багачууд, 18 дугаар сургуулийн өсвөрийн төмөр замчид, аялал хийх хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл, Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн хамт олон, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны эхнэр Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
Ташрамд Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. “Хүүхдийн төмөр зам” сургалт, судалгааны төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгосон аж.