Эрдэнэт-Овоотын төмөр замыг Мөрөнгөөр дайруулах саналаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах коксжсон нүүрсний Овоотын уурхайг Эрдэнэт хоттой холбох төмөр замын асуудлаар төслийг хэрэгжүүлэгч Аспайр Майнинг компаний холбогдох хүмүүсийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр аймгийн удирдлагуудын зүгээс байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байлгах, аймгийн төв Мөрөн хотыг дайруулан өнгөрүүлэх чиглэлд техник эдийн засгийн үнэлгээг боловсруулах шаардлагатайг сануулсан бөгөөд төслийн явц, үр дүнгийн талаар тогтмол мэдээлэл өгч ажиллахыг анхаарууллаа. Мөн төслийн явц, замын трасс шугам, төслөөс хүлээж буй үр дүн, аймгийн зүгээс баримталж буй бодлогын талаар ярилцаж, санал солилцлоо.
Төмөр замын төслийн нийт өртөг 1.3 тэрбум доллар бөгөөд 2017 оны 6 сараас газар шорооны ажил эхэлнэ гэж тооцож байгаа гэнэ. Нийт 4 жилийн хугацаанд хэрэгжих төслийн явцад ажлын түр болоод байнгын байр шинээр бий болох бөгөөд тус замыг Тува улсын нутагт байрлах ордтой холбох замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах транзит тээврээс ашиг олох зэрэг боломж байгааг төслийн багийн зүгээс танилцууллаа.
Б.Гантуяа