ДАРХАН-УУЛ: “Аавын гутал” хүрэл хөшөөг Дархан хотын 45 жилийн ойд зориулан бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-05 20:46:04

Дархан /МОНЦАМЭ/. Хүүхэд багачууд төдийгүй дарханыхны чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар бол Найрамдал талбайн урд байрлах усан оргилуур юм. Уг усан оргилуурын дунд нэгэн хөшөө байдаг. Тус хөшөөг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уран барималч Н.Оргил Дархан хотын 45 жилийн ойд зориулан бүтээжээ. Энэхүү хөшөө нь Залуучууд театрын зүүн урд талд байрлана. “Аавын гутал” хүрэл хөшөөний өндөр нь 1.10м, гутлын урт нь 40 см, гутлын өндөр нь 41 см.


Монголчууд 5 настай хүүхэд ирээдүйгээ зөгнөн ярьдаг гэж хуучилдаг бөгөөд хутагт хувилгаадыг 3-5 насанд тодруулж байсан түүхэн уламжлалтай. Түүнчлэн 5 настай хүүхдийн авьяас билэг тодорч, хүмүүжил, ёс суртахууны суурь нь тавигддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон түүхэн уламжлалыг дээдлэн уг хөшөөг бүтээжээ.


Энэхүү хөшөө нь улсдаа төдийгүй олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан цог жавхлан бүрдсэн их эрдэмтэн мэргэд, соёл, урлагийн гавьяатан, алдартнууд, олон арван хүчтэнүүд төрөн гарч зуун зуун дамжин алдар суугаа дуурсгахыг бэлгэджээ. Хүүхдийн ийм хөшөө дэлхийн 200 гаруй хотод байдаг ч хамгийн алдартай нь Бельги улсын Брюссель хотын “Морь харж буй хүү”-гийн хөшөө ажээ.


Тус хөшөө хүмүүст аз жаргал бэлэглэдэг гэж үзэж жуулчид урсан гарах уснаас ганц балгыг ч болтугай уухыг хичээдэг ажээ.

Related news