ДАРХАН-УУЛ: Татварын хэлтэс 2022 онд 54.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Цахимаар үйлчлүүлээрэй” уриан дор энэ сарын 8-12-нд зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд 13.568 иргэн, 2000 орчим ААНБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ нь өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй аж. Эдгээр идэвхтэй татвар төлөгчид 2022 онд нийт 54.6 тэрбум төгрөгийг орон нутгийн болон улсын төсөвт төвлөрүүлжээ.
Татварын цахим шилжилт эхэлснээс хойш сүүлийн дөрвөн жилд татвар төлөгчдийн бааз өссөн, татвар төлөгчдийн оруулж буй хувь нэмэр нэмэгдсэн үзүүлэлттэй гэж аймгийн татварын хэлтсийн дарга Х.Оюунцэцэг мэдээллээ.
Тухайлбал 2019 онд 36.4 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2022 онд 54.6 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орон нутагт тохирсон үйл ажиллагааг дээрх өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулах аж. Хүүхэд, багачуудын татварын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг цахим татварын ач тус сэдвээр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулжээ.
Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад татварын албаны үйлчилгээ, татварын албаны чиг үүрэг, татварын алба цахимд шилжсэн, төлбөрийн баримтын талаар татварын улсын ахлах байцаагч болон хэлтсийн дарга нар сургалт зохион байгуулах аж.
Мөн дээрх өдрүүдэд аймгийн Татварын
хэлтэс өдөр бүр 8.30 минутаас бичил сегментэд
харьяалагддаг буюу томоохон
зах, худалдааны
төвд үйл
ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч нарт зориулсан цахим төлбөрийн
баримт хэрхэн олгох, цахим тайлан илгээх
заавар,
төрийн болон төсөвт байгууллагад нэхэмжлэх суурилсан төлбөрийн баримт хэрхэн
үүсгэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар сургалт зохион байгуулах ажээ.