Татвар ногдох үл хөдлөх хөрөнгийн тоо 20 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-15 14:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь 7 хоногт болдог “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг өнгөрсөн 7 хоногт 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ удаагийн өдрүүдээр татварын харилцаанд иргэд, ААН-үүдийг тэгш оролцуулж, хуулийг мөн тэгш хэрэгжүүлдэг болгох талаар анхаарч ажиллажээ. Энэ үүднээс татварын байгууллага энэ оноос эхлэн татвар төлөгчдийг хуулиа хэр биелүүлж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буйг тооцох үнэлгээг 4 шатлалаар гаргаж ирсэн юм.


Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн бас нэг онцлог нь татварын зарцуулалтыг хөндсөн явдал байв. Үүнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг дурдаж, татварын үр өгөөжийг хүртэгч, ялангуяа төр, захиргааны байгууллагууд татварын зарцуулалтаа хэмнэж, үүнийг иргэд олонд тайлагнаж байх механизм руу шилжиж буйг тодотголоо. Татварын зарцуулалтын мэдээллийг Сангийн яам, татварын байгууллага хамтран и-баримт системээр дамжуулан иргэдэд хүргэж байхаар болсныг тэрбээр мэдэгдлээ.


“Татварын өдрүүд”-ээр татварын зарцуулалт, тэгш оролцоог хөндөв.


Татварын тэгш, шударга бус төлөлт, татварын хуулийн тэгш бус хэрэгжилт дээр татварын байгууллага Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг жишээ болгож байна. Учир нь энэ талын татварын төлөх хувь, хэмжээ үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн хугацаа болон байршлаас хамааран тэгш бус байна.

Татварт ногдуулсан үл хөдлөх хөрөнгийн тоо сүүлийн хоёр жилд 20 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 45.1 мянган үл хөдлөх хөрөнгийг татварт бүртгэж байсан бол энэ тоо 2021 онд 56.7 мянга, 2022 онд 63.8 мянган болж өсжээ. Харин үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчийн тоо 2020 онд 33.1 мянган байсан бол энэ тоо 2021 онд 39.6 мянга, өнгөрсөн онд 43.8 мянга болж мөн нэмэгдсэн байна.


Хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ хамгийн доод нь 0.6, хамгийн дээд хэмжээ 2 хувь байна. Бодит байдал дээр уг татварыг бүсчлэлээс хамааран дээд талдаа 1 хувиар авч байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь орон нутгийн гол эх үүсвэрийг бүрдүүлдэг татвар болж байна.


Татварт ногдох үл хөдлөх хөрөнгө болон энэ талын татвар төлөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч татварын хувь хэмжээ сүүлийн 10 жилд өөрчлөгдөөгүй иржээ.


Татварыг иргэд, ААН, байгууллагад орлого, хэрэглээ, эзэмшиж буй хөрөнгө дээр ногдуулдаг. Нэг ёсондоо татвар нь орлогын, хэрэглээний, хөрөнгийн гэсэн 3 төрөл хэлбэрээр байж төлдөг. 


Улсын их дэлгүүр сүүлийн 20 гаруй жил 84 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг жилдээ төлж байгаа бол “Шангри-Ла зочид буудал жил бүр 8.8 тэрбум төгрөгийн татварыг жилд төлж байна. Хотын ижил бүсэд үйл ажиллагаа явуулдаг ч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үнэлгээнээс хамаарч ийнхүү хэт зөрүүтэй татвар төлж байна. 

Related news