ХЭНТИЙ: Цаг агаарын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-19 19:09:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч байна.

Тодруулбал тавдугаар сарын 19-ний үүрийн 4.00 цагаас эхлэн бороо, цас орж эхэлсэн бөгөөд салхи шөнөдөө нийт нутгаараа 18-23м\сек, зарим үед 30м\сек хүрч салхилав. Харин өглөөний 11 цаг 30 минутын байдлаар Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумаас бусад сумын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч салхи хойно болон зүүн хойноосоо 18-22м\сек, зарим үед 26мек хүрч, үзэгдэх орчин хягзаарлагдмал байна.

Аймгийн УЦУОШТ-ийн мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Т.Нарангэрэлээс цаг үеийн нөхцөл байдлыг тодруулахад,Хэнтий аймгийн төв болон Өмнөдэлгэр суманд хүчтэй салхи, цасан шуурга шуурч онц аюулт үзэгдэл давтан ажиглагдаж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд энэ үед хөдөөгийн малчдад хамгийн хэцүү байдаг. Малчдын хувьд үзэгдэх орчин хязгаарлагдсанаас үүдэн хоттой мал руугаа орж чадахааргүй байна” гэлээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээн дэх бүх сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоолоо. Мөн төв цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч Бэрх, Өмнөдэлгэр сум болон аймгийн төвд тог тасарсан ч тодорхой хугацааны дараа хэвийн боллоо. Харин аймгийн Онцгой байдлын газарт малынхаа араас яваад төөрсөн дөрвөн дуудлага бүртгэгдэж,  алба хаагчид түргэн шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж эсэн мэнд иргэдийг олсон байна.

Одоогоор зам хаах шийдвэр гараагүй ч холбогдох байгууллагынхан хаахаар төлөвлөж байна гэдгийг аймгийн ОБГ-аас мэдээллээ. Мөн хот хоорондын нийтийн зорчих тээвэр цаг агаараас шалтгаалан өнөөдрийн үйлчилгээгээ зогсоогоод байна. Цаг агаарын энэхүү үзэгдэл нь маргааш өдөр хүртэл үргэлжлээд, оройноос салхины хүч багасах аж.

Related news