СЭЛЭНГЭ: Жишиг сум төслийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-23 12:48:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хэрэгжихээр батлагдсан "Жишиг сум" төслийн ажил эхэллээ. Энэхүү ажил нь улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийгдэх юм.

Энэхүү төслийн хүрээнд тус сумын төвд 7 мегаваттын хүчин чадалтай дулааны станц барих аж. Тэгвэл дээрх ажлын эхлэл болох барилгын улаан шугам тавих, мөн барилгын суурь бетон цутгах ажлын өмнөх газар шорооны ажил эхлээд байна.

 

Тус төслийг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг шалгаруулах тендер 2022 оны 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 8 удаа зарлагджээ.

Ингээд 2022 оны 9 дүгээр сард  Улаанбаатар хотын харьяа Л.Энхбаяр захиралтай Бажа-Мандал ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэхээр шалгарч, гэрээ байгуулсан байна.

 

Төсөл хэрэгжүүлэгч “Бажа-мандал ХХК-ийн зүгээс гэрээ байгуулсан өдрөөс хойших хугацаанд сумын төвд дулааны станцын барилга барих зураг төсөв, дулааны шугам сүлжээний тодорхой хэсэг газрын шугамыг шинэчлэн солих зураг төсвийг  боловсруулан барилгын улсын хяналт экспертизээр батлуулах ажлыг тус тус хийж гүйцэтгээд байгаа аж.

Энэхүү төслийн ажил 2024 онд бүрэн хэрэгжиж дуусах аж.

Related news