ДУНДГОВЬ: Мандалговь хотноо “Үндэсний номын баяр” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-24 14:51:04
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 40 гаруй зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч оролцсон “Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагаа Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд эхэллээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон хуульчилснаас хойш 33 дахь удаагаа “Илүү их уншъя” уриан дор ийнхүү тэмдэглэж байгаа ба тус аймагт анх удаа номын баярын үйл ажиллагааг өргөн хүрээнд, шинэлэг байдлаар зохион байгуулж байна. Номын соёлыг түгээх, хүүхэд залуусыг номд дурлуулах, оюунлаг ирээдүйг бэлтгэх нь энэхүү үйл ажиллагааны зорилго юм.



Номын баярт СГЗ, зохиолч До.Цэнджав, СГЗ, хөтлөгч Б.Гантигмаа, СГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, "Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, СГЗ, нийтлэлч До.Чулуунбаатар, Хүүхдийн зохиолч Н.Мандал, Үндэсний номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд нарын 40 гаруй хүндтэй зочид оролцож байна.

“Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, тус үйл ажиллагааг санаачлагч Б.Сувд, СГЗ, зохиолч До.Цэнджав нар үг хэлж, УИХ-ын дарга Занданшатарын нэрэмжит талархлыг тус үйл ажиллагааг зохион байгуулахад ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ, СУГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн хамт олонд гардууллаа.



УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ “Дундговь нутаг маань оюуны их ай сав нутаг гэж боддог. Яагаад гэвэл олон гайхамшигтай их мэргэд төрөн гарсан өлгий нутаг юм. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн төрсөн нутаг. Тиймээс Дундговь орчин цагийн уран зохиолыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Шинэ үеийн уран зохиолчдоос энэ нутгаас Ардын уран зохиолч 1, Төрийн шагналт уран зохиолч 3, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, бүтээгч 36 төрөн гарсан, номын даллагатай нутаг. Номын хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагааг хөдөө орон нутагт тэлж байгаад талархаж байна.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас гаргасан санаачилгыг дэмжиж, та бүхнийгээ урьсан юм. Өнөөдрийн баярын үйл ажиллагаанд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч 6 хүн морилон саатсан байна. Зочид та бүхнийгээ оюунлаг ард түмэнтэй уулзуулж байгаадаа баяртай байна. Номын хуртай, номын даллагатай өдөр болж байна” гэсэн юм.

Энэ өдөр шинэ болон ховор номын хямдралтай худалдааг зохион байгуулж, иргэд өөрийн хүндэлдэг зохиолчдынхоо гарын үсэгтэй номыг худалдан авч байна. Түүнээс гадна маш олон уулзалт, ярилцлага, лекц, номын танилцуулга, ярилцлага өрнөх юм. 













Related news