“Honda” компани “Формула 1” уралдаанд “эргэн ирэхээ” мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-05-24 16:50:10

ТОКИО. /NHK/. “Формула 1” уралдаанаас 2021 онд нэрээ татсан Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани 2026 оны уралдаанд “эргэн ирэхээр” болсноо мэдэгдлээ. 


Тус компани Английн “Aston Martin” компанид хос хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд багаа “Aston Martin Aramco Honda” гэж нэрлэхээр болсон байна.


“Honda Motor” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Мибе Тошихиро мэдэгдэхдээ, “Формула 1”-ээс олж авсан технологи, “ноу-хау”-г ирээдүйн цахилгаан тээврийн хэрэгсэл, тэр дундаа спорт загварууддаа шууд ашиглах боломжтой гэв.


1964 онд “Honda” дэлхийд шилдэгт тооцогддог энэхүү уралдаанд оролцсон Японы анхны автомашин үйлдвэрлэгч болж байв. Улмаар 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн үе хүртэлх уралдаанд тус компанийн хөдөлгүүрээр тоноглогдсон олон автомашин түрүүлж байсан түүхтэй.


Гэвч 2021 онд компанийнхаа нөөц бололцоог автомашины хорт хийн ялгарлыг бууруулах технологид төвлөрүүлэхээр болсноо мэдэгдээд, уг уралдааныг албан ёсоор орхисон юм. Тус компани нь 2040 он гэхэд дэлхий даяар дан цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг зорьж буй.


“Honda”-гийн мэдэгдсэнээр, 2026 оноос хэрэгжиж эхлэх дүрэм журмууд компанийнх нь тээврийн хэрэгслээс ялгарах хорт хийн ялгарлыг бууруулах бодлоготой нийцэж байгаа тул уралдаанд эргэн оролцохоор шийдвэрлэжээ. 

Related news