ХЭНТИЙ: Сэцэн ханы ордон музейн гадна талбайг засварлаж, цэцэрлэгт хүрээлэн болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-26 15:51:25

Хэнтий /МОНЦАМЭ/ М-Си-Эс” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музейн гадна орчныг сэргээн засварлаж байна.

Тодруулбал музейг тойрсон блокон хашааг нь буулгаж, баруун болон хойд талаараа нээлттэй, ногоон байгууламж, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр зэргээс бүрдсэн цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөжээ.

Тус групп Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд уг хөтөлбөрт аймгийн ЗДТГ-аас төсөл хүргүүлж дэмжигдсэнээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг ийнхүү хийхээр болжээ. Үүний 550 сая төгрөгийг "М-Си-Эс" группийн зүгээс санхүүжүүлж байгаа бол үлдсэн хөрөнгийг орон нутгаас гаргаж байна.

Сэцэн ханы ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан ба эдүгээ таван сүм нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг. Гэвч дөрвөн талаараа битүү блокон хашаатай тул дотроо юу байгаа нь төдийлөн харагддаггүй. Хэдийгээр түүхийн үнэт өв хэдий ч иргэдэд ил тод нээлттэй байж, хүүхэд залуучуудад өв соёлоо бахархах сэдлийг төрүүлэх, ирсэн зочид гийчдэд үзүүлж харуулах нь чухал гэж удирдлагуудын зүгээс үзэж байгаа юм.

“Музей хашаагүй болсноор түүх соёлын дурсгалт газрын аюулгүй байдал алдагдах вий гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хашаажуулж байж аюулгүй байдал хангагдана гэж ойлгож болохгүй. Учир нь музейн үнэт өвийг хадгалах хамгаалах горимыг алдагдуулахгүй бөгөөд дохиолол, камержуулалт, харуул хамгаалалтад онцгойлон анхаарна”  гэж тус музейн дарга Н.Нямсүрэн ярив. 

Бүтээн байгуулалтын ажлын явцад олон жилийн насжилттай, насжилт нь гүйцсэн модыг буулгасан бол залуу модыг зөөж суулгахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажлыг зам талбайн тохижилт, ногоон байгууламж зүлэгжүүлэлт, цахилгааны ажил хариуцсан гурван компани хийж гүйцэтгэх аж. Нийт ажил 7 дугаар сарын нэгэнд дуусах бөгөөд хаалга нь хаалттай, хана хэрэмтэй байсан музейн барилга үүдээ нээж, хүн ард тааваараа саатах тохилог цэцэрлэгт хүрээлэн болох нь ээ. 

Related news