Хятад улс Хондураст Элчин сайдын яамаа нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-06 14:20:36

ТЕГУСИГАЛЬПА. /AFP/. Хятад улс Бүгд Найрамдах Хондурас Улсад Элчин сайдын яамаа даваа гарагт албан ёсоор нээжээ. Төв Америкийн тус улс хэдхэн долоо хоногийн өмнө Тайваниас дипломат харилцаагаа таслан Бээжинтэй тогтоосон юм.


Бээжингийн засаг захиргаа дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг явуулах байрыг хараахан тогтоогүй байгаатай холбоотойгоор ёслолын ажиллагаа Хондурасын нийслэл Тегусигальпа хотын нэгэн зочид буудалд болжээ.


Түр элч Ю Бо Хондурасын Элчин сайдын яамыг удирдаж, яамны байрыг хайх ажлыг хариуцна гэж албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.


“Хондурас дахь Хятадын ЭСЯ хоёр орны харилцааны цонх, индэр байх үүргээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж Ю Бо ёслолын үеэр хэлсэн байна.


Хондурасын Гадаад хэргийн сайд Энрике Рейна сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгч Сиомара Кастро Хятадад энэ сарын 9-13-ны өдрүүдэд анхны албан ёсны айлчлалаа хийхээр мягмар гарагт мордоно гэжээ.


Түүний хэлснээр, айлчлалын үеэр хэд хэдэн санамж бичиг, баримт бичиг, гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах бөгөөд С.Кастро Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана.


Түүнчлэн Хятад улс чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээ эхлэхээс ч өмнө Хондурасаас амтат гуа, сам хорхой, гадил зэрэг бүтээгдэхүүнийг импортлох үүд хаалгыг хэдийнээ нээгээд байгааг Э.Рейна нэмж хэлжээ.


Энэ оны гуравдугаар сард Хондурас Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц Засгийн газар, харин Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Тайваньтай дипломат харилцаатай орнуудын тоо 13 болж буурчээ. 

Related news