ХЭНТИЙ АЙМАГ: Шинэчилсэн бүртгэлд орох шаардлагатай 5723 тээврийн хэрэгсэл байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт 18000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 5723 нь 1-4 жил техник, хяналтын үзлэгт хамрагдаагүй буюу шинэчилсэн бүртгэлд ороогүй байна
Эдгээр тээврийн хэрэгслийн татварын өр нийт нэг тэрбум
орчим төгрөгт хүрч авлага үүсжээ. Иймээс 7 дугаар сарын 1-ний дотор шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, дахин татварын өр үүсэхээс сэргийлж бүртгэлээ
хийлгэх шаардлагатай байгаа юм.
Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Ц.Бат-Эрдэнэ ярихдаа “Цаг хугацаандаа татвараа төлдөггүй иргэдийн өр төлбөр барагдаагүй байна. Иргэд тухайн түр журмыг буруу ташаа ойлгох асуудал ихээр үүсэж байна. Хасалт хийлгэсэн бол өр төлбөр мөн тэглэгдэж байна гэж ойлгож болохгүй. Учир нь таны ашигласан үеийн татварын өрийг та зайлшгүй төлөх үүрэг хүлээнэ. Харин хасалт хийлгэсэн цагаас хойших татварын өр дахин үүсэхгүй” гэдгийг тодотголоо.
Харин аймгийн Татварын хэлтсийн АТБӨЯХА-ны Татварын улсын байцаагч А.Болорцэцэг “Иргэд ямар тохиолдолд бүртгэлд хамрагддаггүй, татварын өр төлбөр
жил бүр үүсээд байгааг тайлбарлавал олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж,
шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг.
Мөн иргэн таны өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй тохиолдолд таны нэр дээр тухайн автотээврийн хэрэгслийн татвар,
торгууль хуримтлагдах болон бусад эрсдэл үүсдэг” гэдгийг хэлэв.