ХЭНТИЙ: Хэрлэн сум баяр наадмаа өнөөдөр тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-03 14:38:09
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн сум буюу Чингис хотод суурин газар үүсэн байгуулагдсаны 197 жилийн ой тохиож, баяр наадмаа өнөөдөр тэмдэглэж байна.

Чингис хотын түүхээс дурдвал, ардын хувьсгалаас өмнө хаад ноёд, хятадын худалдаачдын бөөгнөрсөн төв байсан бөгөөд 1923 оноос Хан Хэнтий уулын аймгийн төр захиргаа, олон нийтийн төв болж улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1962 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 174 дүгээр зарлигаар анх Өндөрхаан хот болж хөгжиж ирсэн түүхтэй.

Харин 1963 онд Өндөрхааны сангийн аж ахуйг түшиглэн Хэрлэн сумыг байгуулжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын 33 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн төвд Өндөрхаан сум байгуулж, хотын эрхийг хүчингүй болгож байжээ.

Улмаар 1995 онд УИХ-ын 95, Засгийн газрын 128 дугаар тогтоолоор Өндөрхаан сумыг Хэрлэнгийн сангийн аж ахуйтай нэгтгэж Хэрлэн сум хэмээн байгуулсан бол 1999 онд УИХ-ын 20 дугаар тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй Өндөрхаан хот болжээ. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Чингис” хот хэмээн нэрлэхээр болсон юм.

Өдгөө Чингис хотын төвд зургаан баг, хөдөөд Өлзийт, Тахилгат тосгоноос бүрдэх найман багийн 24600 хүн ам бүхий хот болон өргөжин тэлж байна.

Related news