ЗАВХАН: Орон нутгийн эмч нар дурангийн хагалгаагаар мэргэшив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-07 16:21:49

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт хоол боловсруулах замын дурангийн эмч, сувилагч нарын хамтарсан дадлага сургалт боллоо.


Сургалтад танхимаар Архангай, Төв, Орхон, Говь-Алтай аймгийн эмч, сувилагчид, харин цахимаар 16 аймгийн эмч сувилагч нар оролцжээ.


Сургалтаар улаан хоолой, ходоодны хавдрыг эрт үед нь оношлох, үйлчлүүлэгчийг хүндрэлээс сэргийлж хяналтад байлгах. Эмчилгээний зардлыг бууруулах, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах. Хавдрын үеийн цус алдалтын яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх зэрэг олон талын мэдлэг арга зүйд эмч, сувилагч нар чадавхжлаа.


Мөн шинэ технологи нэвтрүүлэх, арга зүйд суралцаж сургалтаас гарсан санал, зөвлөмжийг орон нутгийн удирдлага, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхээр боллоо. 


Монгол Улс хоол боловсруулах замын хавдар, түүний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлсээр байгаа бөгөөд 2022 оны статистик мэдээгээр 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Харин Завхан аймагт 700 гаруй хавдартай өвчтөн хяналтад байдаг. Он гарсаар 4570 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 139 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна.

Үүнээс хожуу үеийн хавдар 20, эрт үеийн хавдар 4, хүнд зэргийн эсийн гажиг 7, хөнгөн зэргийн эсийн гажиг 10 илэрчээ. Оны эхний зургаан сарын байдлаар 56 хавдрын тохиолдол шинээр бүртгэгджээ.


Жил ирэх тусам хавдрын өвчлөл, ялангуяа хоол боловсруулах замын хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа учир энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулах. Орон нутагтаа ажиллаж байгаа хоол боловсруулах замын дурангийн эмч, сувилагч нарыг чадавхжуулах, шаардлагатай, яаралтай хагалгааг орон нутагтаа хийх боломжоор хангах.

Ялангуяа эмч, сувилагч нарыг гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн эмч нартай хамтран ажлын байран дээр дадлагажуулах гэхчлэн ажлуудыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын дэмжлэгээр орон нутагт анх удаа зохион байгууллаа.


Бриллиант, IGIC дурангийн төв, Баян-Өндөр Мед эмнэлгийн эмч нарын баг мөн үеэр хоол боловсруулах замын эрсдэлтэй гурван тохиолдолд дурангийн хагалгааг амжилттай хийлээ. Түүнчлэн шинээр нэвтэрч буй тоног төхөөрөмж болох, Япон улсад үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн BL7000 дурангийн аппаратын иж бүрдлийг танилцуулж, хэрхэн ашиглах талаарх зөвлөмжийг өглөө.

Орон нутагт анх удаа, улаан хоолой, хоол боловсруулах замын эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн хамтарсан дадлагажих сургалт үр дүнтэй боллоо.

Цаашид эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимтэй хийж, энэ төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах, иргэдийг мэдээлэлжүүлэх, шаардлагатай үед орон нутагтаа дурангийн хагалгааг амжилттай хийх боломж бүрдээд байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Ташрамд, Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэх зорилт дэвшүүлж “Чадварлаг эмч” үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.


Энэ ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, эмч нар харилцан туршлага солилцох, ажлын байрандаа ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй ажлууд хийгдсээр байгаа аж.

Түүний нэг нь хоол боловсруулах замын баруун бүсийн эмч нарын ажлын байран дээрээ дадлагажих энэхүү сургалт юм. Тус сургалтыг зохион байгуулахад, Завхан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 13.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 


Related news