ХЭНТИЙ: Хэнтий аймгийн 100 жилийн ойн нээлтийн ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-27 16:43:37
Чингис /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэргүүтэй гадна дотны хүндэт зочид төлөөлөгчид оролцов. Баяр наадмын үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэллээ. Тэрбээр, Монголын уудам талд улсын үндэс, гүрний шанг татсан Их эзэн богд Чингис хааны ундаалж, уухайлж өссөн энэ л ариун газарт Ар Халхын Сэцэн Хан аймгаас Ардын засгийн Анхны аймгуудын нэг Хан Хэнтий уулын аймаг маань үүсгэн байгуулагдаж өдгөө бид 100 жилийн ойтойгоо учран золгож байна.
Хан Хэнтий аймгийн түүхийн нэгэн хуудас ард түмнийхээ алдар гавьяа, цуцашгүй хөдөлмөрөөр алтан үсгээр хуудсаа дүүргэн хааж, та бид дахин нэг 100 жилийн шинэхэн хуудсыг хамтдаа нээж байна. Түүхийн энэ хуудаст өнөөдрийн бидний нэр, бүтээл хэрхэн үлдэх вэ гэдэг нь та бидний нутаг, орныхоо төлөө хэрхэн зүтгэх, хөдөлмөрлөхөөс ихээхэн хамааралтай юм.
Хэнтий аймаг 2022 оны эцсийн байдлаар 79,6 мянган хүн амтай болж, шилжин ирэгсдийн тоо жилээс жил өсөн, “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил урагштай, бодож тооцсоны дагуу өрнөж байна. Малын тоо толгойн хувьд мөн хугацааны байдлаар 5,1 сая толгойд хүрч, улсад дөрөвдүгээр, сумдаас Өмнөдэлгэр малын тоогоороо тэргүүлж байна.
Аймаг, сумдыг авто замаар холбох, аялал жуулчлалын маршрут, зам дагуу хувийн хэвшилд түшиглэн үйлчилгээний төвүүдийг бий болгох, аялах, тухлах аятай таатай нөхцөл боломжуудыг бий болгоход бид анхааран ажиллаж байна.
Хойчийн хөгжлийг түүчээлэн авч явах ирээдүйн бяцхан иргэддээ цэцэрлэг, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай олгох зорилго тавьж, аймгийн хэмжээнд хүүхэд 100 хувь хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Хан Хэнтий уулын аймагтайгаа нас чацуу Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн шинэ сургуулийг нээснээр ууган сургуулийн сурагчид маань орчин үеийн стандартад нийцсэн тохилог саруулхан анги танхимд хичээллэн эрдмийн их аяныг туулах болсон нь өнөөдрийн өдрийн сайн мэдээ бөгөөд аймгийн иргэд, хүүхэд багачуудын сэтгэлд нийцэн сайхан ажил болсон байна.
Улс төрийн таатай нөхцөл, дэмжлэг, эв нэгдэл бүрдсэн энэ цаг үед бүх сум, аймгийн төвд нийгэм соёлын олон олон хөрөнгө оруулалтууд хийгдэж байгааг дурьдахад таатай байна.
Бид улсын хэмжээнд цөөхөн байгаа олон улсын зэрэглэлтэй Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийг анх удаа орон нутагт байгуулж, зүүн аймгуудын 6-9 дүгээр ангийн сурагчдаа хүлээн авч, сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлээд байна. Энэхүү ажлыг дэмжин хэрэгжүүлэх боломж олгосон одоогийн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таньд баярлаж талархснаа илэрхийлье.
Аймгийн төвд дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлснээс гадна шинэ цэвэрлэх байгууламжаа хүлээн авч, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүллээ. Хотын төвийн авто замыг шинэчлэн засварлаж гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, камержуулалтыг сайжруулснаар иргэдийнхээ аюулгүй амар тайван орчин ажиллаж амьдрах нөхцөл боломж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
100 жилийнхээ ойд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэнгээ сэргээн засварлаж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус, хөгшид буурлууд маань чөлөөт цагаа аятай таатай өнгөрөөх, хөгжих боломжтой цогцолбор болголоо. Мөн Зүүн Монголын урлагийг хадгалан үлдэж, түгээн дэлгэрүүлж байгаа ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга маань 60 жилийн дараа шинэ байртай болж, бид ийнхүү шинэ чуулгадаа баярын хурлаа хийж байна. 1691 онд сууриа тавьсан Сэцэн ханы ордон, түүнд түшиглэн байгуулсан аймгйин музейн орчмыг тохижуулж, хүн ард тааваараа саатах тохилог цэцэрлэгт хүрээлэн болголоо. Шинэ музейн барилгыг ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцсэн хорго байршуулж, үзүүллэг дэглэлттийг баяжууллаа. Энэхүү бүтээн байгуулалтыг чанартай гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын компаниуд, эгэл ажилчдад Хан Хэнтийчүүдийн нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Ирэх 100 жил бол бидний эвлэлдэн нэгдэж, нэгэн чиг зорилгын төлөө зүтгэн уламжлалт өв соёлоо тэтгэн хамгаалж, үр хойчдоо ирээдүйн онцлогийг шинэгээн өвлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, аливааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх хэрэгжүүлэх, гадаад, дотоодын шинэ сэргэг арга онолоос суралцан хэрэгжүүлэх, төрийн албыг цомхон, шуурхай, цахим, амар хялбар болгох, ажилтан бүр шинийг эрэлхийлэгч, хөгжлийн түүчээлэгч байх бололцоог бүрдүүлж, ирээдүй хойчдоо сайн сайхнаар дурсагдах үнэт түүхийг бичин үлдээх, өөрсдөө үлгэрлэх, манлайлах шинэ түүхийн эхлэл цэг дээр бид байна.
Эрхэм нутгийн ахан дүүсээ, Хан Хэнтийг зорин ирсэн зочид төлөөлөгчид, хүндэт зочидоо
Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 103, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.
Уясан хүлгийнхээ хийморт, Унасан хүүхдийнхээ жавхаанд уяачид маань айраг түрүүтэй
Уухайн түрлэгтээ нумаа эрчилж, уртын дуугаар бодлоо цэгцэлж харваачид маань оноо цэцтэй
Уран мэхийг уралдуулж, үнэн хүчээ үзэж бөхчүүд маань бяр мэх нь тэгширч
Дэлгэржаргалантын хөндийд цугласан түмэн олон минь
Дэнж хотойтол сайхан наадаарай" гэв.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хүндэт зочид, төлөөлөгч, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр "Эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм" гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ агуулгаар хийгдсэн” хэмээв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хилийн боомтууд сэргэж, экспортын дөрвөн шинэ төмөр замын ажил эрчимжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсвийн орлого 1.7 их наядаар давж биелснийг онцлов.
“Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ундаргатай. Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм. Монгол Улсын Засгийн газар “Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэ жил түүхэндээ хамгийн их жуулчдыг хүлээн авч байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг автозамаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцид орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэлээ.
Related news