ХЭНТИЙ: Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-тай холбогддог босоо тэнхлэгийн авто замтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-28 16:46:36

Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.


-Сайн байна уу та, сайхан наадаж байна уу? Юун түрүүнд танд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Нутгийн зон олон, зочид төлөөлөгчдөдөө Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.


-Хан Хэнтий уулын аймгийн үүх түүх болоод цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Хан Хэнтий уулын аймгийн үүсэл, хөгжил, түүх бол зөвхөн Хэнтий биш Дорнод, Сүхбаатар гээд зүүн гурван аймгийн түүх юм. Хан Хэнтий уулын аймаг 1923 онд байгуулагдсанаас хойш улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад засаг захиргааны шинэчлэлээр долоон жилийн даруу буюу 1930 онд Дорнод, 19 жилийн дараа буюу 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Ингэснээр манай аймгийг Хэнтий хэмээн нэрийдэж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад орсон түүхтэй. Өдгөө манай Хэнтий аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, таван тосгонтой, 80.3 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 79.6 мянган хүн амтай.


Ирэх 100 жилд мал аж ахуй, газар тариалан, түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломж байна. Мөн Хэнтий аймаг бол жоншны нөөц ихтэй, үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн 50 гаруй хувь нь жонш олборлож байна. Иймд Бор-Өндөр сум дахь уулын баяжуулах үйлдвэрээ түшиглэн Аж үйлдвэрийн парк барьж, жоншны баяжуулах үйлдвэр цаашлаад нэмүү өртөг шингээсэн томоохон үйлдвэрүүд барих боломжтой. Ингэх юм бол Хэнтий аймаг нөхөн сэргээгдэх баялагаараа төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой аймгуудын нэг юм. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд аймаг орон нутагт хийгдсэн томоохон ажлуудын дийлэнх нь дэд бүтцийн салбар руу чиглэсэн. Энэ хэрээр дэд бүтэц дагаж хөгжил нэмэгдэж байна гэсэн үг.   


-Нийслэлийн хүн амын нягтаршлыг сааруулах үүднээс “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг 21 аймаг зарлаад байгаа.  Энэ хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймаг хүн амаа хэрхэн нэмэгдүүлэх, нийслэлээс шилжин суурьших иргэдийг хэрхэн татах вэ?

-10 жилийн хугацаатай хэрэгжих “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг нийслэлээс татна. Түүхэн аялал жуулчлалын цогцолборууд ашиглалтад орж энэ салбар хөгжсөнөөр үүнийг дагасан ажлын байр, хүн ам нэмэгдэнэ. Ингэснээр дээрх хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Мөн Бор-Өндөр суманд аж үйлдвэрийн парк баригдсанаар 50 мянга хүртэлх ажлын байр бий болох боломжтой. Тэгэхээр бид суурь баазыг сайн бүрдүүлснээр томоохон үйлдвэр, хүн ам нэмэгдэх, тэднийг татах боломж бий болно.


“ингис хотоос Бэрх хүртэлх 70 км, Бэрх хотоос Батноров-Норовлин-Ульхан чиглэлийн 200 гаруй километр замыг ирэх жилээс ашиглалтад оруулна. Ингэснээр манай аймаг ОХУ-ын хилийн Ульхан боомттой автозамаар холбогдох бүрэн боломжтой болох юм. Цаашлаад Чингис хотоос Бор-Өндөр хүртэлх 180 км автозамын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.


-100 жилийн ойн баяр наадмаа шинэхэн цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэн өнгөрүүлж буй нь Хэнтийчүүдийн хувьд бас нэгэн бахархал болоод байна. Ер нь шинэчлэх шийдвэрийг хэзээ гаргаж, ажлаа хэзээ эхлүүлэв?

-Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн түүхэн аялал жуулчлалын салбарыг эвент арга хэмжээг зохион байгуулах томоохон цогцолбор байх шаардлага байсан. Хоёрдугаарт, аймгийн 100 жилийн ойн баяртай холбоотойгоор цэнгэлдэхээ шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь уг цэнгэлдэх хүрээлэнг анх 1983 онд аж ахуйн аргаа барьсан учир тэр олон жилийн элэгдэл хорогдлыг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Гуравдугаарт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг нэмэгдүүлэх гол зорилго байсан.  Иймд жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор шинэчлэлт хийсэн. Манай цэнгэлдэх хүрээлэнгийн гол онцлог бол Хэрлэн голтой ойрхон. Тийм учраас стадионоос урагш Хэрлэн голоо түшиглэн цэцэрлэгт хүрээлэн бий болгох зорилт тавьсан. Жишээлбэл, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-тэй адил байдлаар тохижуулна гэсэн үг. Энэ ажлыг ирэх жил гүйцэтгэнэ. Тэгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн маань цогцоороо спорт, соёл амралтын хүрээлэн болно гэж ойлгож болно. Ингэснээр хүүхэд залуучууд, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, боломж нэмэгдэх юм.


Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хөдөө аж ахуйг дэмжих төв” байгуулна. Иймд малчид, тариаланчид маань мах, хүнсний ногоогоо ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулах, эргээд иргэдийг хямд, чанартай мах, хүнсээр хангах боломжтой. Түүнчлэн баяр наадмаар ирэх зочид төлөөлөгч нарыг угтаж авах 300 гэр барьж байгаа. Хэрлэн сумын айлууд зуслан гардаг байсан газарт дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Баяр наадмын дараагаар дэд бүтцийг нь тэнд нь үлдээж иргэд лагер, зусланд гарах боломжтойгоор шийдвэрлэж байгаа. Тог цахилгаан, ус, нойл бүгдийг нь шийдсэн учир цаашид иргэд ашиглах боломжтой. Энэ мэт 100 жилийн ой угтан орон нутгийн төсөв, ОНХС, иргэдийн хандиваар хийж бүтээсэн ажлуудыг иргэдэд хүртээмжтэй, тэдэнд үлдэх зүйлд зарцуулахад голчлон анхаарсан. Түүнээс биш иргэдийн хандивыг зочид төлөөлөгчдөд өгөх хоол унд, гарын бэлэг зэрэгт зарцуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.


-Бас нэгэн онцлох ажил бол Хан Хэнтий чуулгын барилгыг ашиглалтад оруулсан явдал. Ингэснээр тэгш ойн Баярын хурлаа чуулгадаа хийж байна. Хэнтийчүүдийн магнайг тэнийлгэсэн бас нэгэн ажил болсон байх?

-12 жил орчим хугацаанд уг чуулгын барилгын ажил царцсан. Жил гарны өмнө тухайн гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалж дахин тендер зарласан. Ингээд Дорнод аймгийн “Чандмань тал” компани шалгарч барилгын ажлыг гүйцэтгэсэн. Бидний хувьд чуулгын барилгыг ашиглалтад оруулна гэдэг томоохон ажлуудын нэг байсан. Учир нь 100 жилийн ойн Баярын хурлаа чуулгадаа хийнэ гэсэн зорилтыг тавьсан. Тийм учраас өвлийн улиралд чуулгын гаднаас дулаан, халаалтыг нь өгч байж дотор засал бүх зүйлийг нь хийлгэсэн. Ингэж олон жил царцсан барилгыг 100 жилийнхээ ойн босгон дээр ашиглалтад хүлээн авсан.


-100 жилийн ойг угтсан өөр ямар онцлох ажлуудыг хийв?

-Ер нь сүүлийн жилүүдэд Хэнтий аймаг дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр усны хангамж гэх зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Дээр нь 18 сумаа дулааны шугам сүлжээ, 18 сум таван тосгоноо шилэн кабельд холболоо. Мөн 10 сумаа цэвэрлэх байгууламжтай болгохоор төлөвлөөд байна. Ингэснээр тухайн сум, орон нутагт худалдаа үйлчилгээ, орон сууц, үйлдвэр зэрэг бүхий л барилга байгууламж барих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Мөн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд автозамын ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, Чингис хотоос Бэрх хүртэлх 70 км, Бэрх хотоос Батноров-Норовлин-Ульхан чиглэлийн 200 гаруй километр замыг ирэх жилээс ашиглалтад оруулна. Ингэснээр манай аймаг ОХУ-ын хилийн Ульхан боомттой автозамаар холбогдох бүрэн боломжтой болох юм. Цаашлаад Чингис хотоос Бор-Өндөр хүртэлх 180 км автозамын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Хэрвээ энэ зам ашиглалтад орвол ОХУ, БНХАУ-ын Эрээн боомтыг холбосон босоо тэнхлэгийн автозамтай болох боломжтой болно. Ингэснээр Хэнтий аймгийн хувьд эдийн засаг сайжрах, хөгжил дэвшил нэмэгдэх суурь болно гэсэн үг.


-Автозамын асуудалд иргэд нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Үүнд Хэнтий аймаг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Төв магистрал зам буюу улсын чанартай автозам Хэнтий аймгаар дамжин өнгөрдөг. Зүүн бүсийн ачаа, зорчигч тээвэр бүгд манай аймгаар дамжин өнгөрдөг учраас автозамын эвдрэл их гардаг. Иймд бид Чингис хотын баруугаар Хэрлэн гол дээгүүр гүүр, автозам  барихаар зураг төсөл гаргаж ажлаа 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ ажил дуусаж ашиглалтад орох юм бол аймгийн төвөөр том оврын ачаа тээврийн автомашин явахгүй. Ингээд ирэхээр автозамын эвдрэлийн асуудал харьцангуй багасах юм. Мөн аймаг орон нутгийн зүгээс автозамын эвдрэл засварлах, шинээр барихад жил бүр хоёр тэрбум төгрөгийг зарцуулж байна.


-Хэнтий аймаг иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудын нэг бол зах зээлийн ханшнаас хямд үнэ бүхий орон сууц барих ажил юм. Иймд “Хэнтий орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, уг газрын захиалгаар 170 айлын орон сууц барьж байна. Үүнээс 60 айлын орон сууц нь өнгөрсөн онд ашиглалтад орсон бол энэ жил 30 айлын орон сууц ашиглалтад орно. Мөн 50 гаруй тэрбум төгрөгийг төсөвт өртөгтэйгөөр Хэрлэн сумын таван багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр иргэд 0.07 га газар дээрээ амины орон сууц барин ая тухтай амьдрах бүрэн боломжтой болно. Энэ бол иргэд рүү чиглэсэн хамгийн том ажил. Ингэснээр иргэдийн амьдарч буй газрын үнэ өсөж, эдийн засгийн эргэлтэд орох үнэлэмж нэмэгдэх том давуу талтай юм. Мөн иргэдийн аюулгүй амьдрах боломж нөхцлийг нэмэгдүүлэхийн тулд гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор нь шийдэж байна.


Хэнтий аймагт 92 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 89 нь энэ жил дуусна.


-Төрийн албан хаагч, залуучуудыг Хэнтий аймаг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Энэ жилээс Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа. Эхний байдлаар “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдаан зарлаж, гурван байр шалгаруулан орон сууцны урьдчилгаанд тэргүүн байр эзэлсэн сувилагчид 25 сая, хоёрдугаар байр эзэлсэн сувилагчид 10 сая, гуравдугаар байрт шалгарсан сувилагчид 5 сая төгрөгийн шагнал гардуулахаар болоод байна. Үлдсэн шилдэг 17 сувилагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулна. Мөн гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдаан зарлаж, 18 төсөл ирүүлснээс хоёр залууг шалгаруулан тус бүр 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй дэмжлэг олгоод байна.

Related news