Google компанийн удирдлагуудтай багшийг компьютер, сурагчийг таблетаар хангахаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-20 09:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд АНУ-д ажиллаж байна.

 

Тэрбээр Google компанийн боловсролын салбарын стратегийн болон засгийн газруудын санаачилгыг дэмжих газрын захирал Вильям Флоренстай өчигдөр уулзлаа.

 

Уулзалтад Google болон Монгол Улсын БШУЯ-ны хамтын ажиллагааг хариуцсан холбогдох ажилтнууд Австрали, Вьетнам улсаас мөн цахимаар төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр салбарын сайд шинэ батлагдсан хуулийн талаар товч мэдээлэл өгч, энэ хүрээнд боловсролын салбарт хийж буй томоохон шинэчлэлүүдийг танилцуулав.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Google компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсын боловсролын салбарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. Хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгэнт боловсруулаад байгааг онцлон цаашид зөвхөн платформ үүсгэн түүн дээр ажиллах төдийгүй технологийг ашиглан сурагчдын зөвөөр сэтгэх /шүүмжлэлт сэтгэлгээ, critical thinking/, дүн шинжилгээ хийх, бие даан суралцах чадварыг сайжруулахад хамтын ажиллагаагаа чиглүүлэхээр талууд харилцан тохиролцлоо.

Цахим шилжилт нь бидэнд хот, хөдөөгийн, төрийн хувийн, алсалсан болон төвийн гэсэн боловсролд үүссэн ялгааг арилгах гол хүчин зүйл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Одоогоор 10 мянган багшийн хроумбүүк худалдан авч байгаа бол ирэх жил багшаа бэлтгэнэ. Мөн сурагчдын таблетыг шийдвэрлэхээр Google компанитай хамтран ажиллаж байна гэж БШУЯ мэдээлэв.





Related news