Хөгжлийн банк 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-21 16:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банканд өртэй иргэн, ААН-үүдээс 4.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Энэ нь энэ оны 7 дугаар сарын 7-ноос хойш, шүүхийн шийдвэр нь хэдийгээр албажиж гараагүй ч гэсэн өнөөдрийн байдлаар хийсэн эргэн төлөлт гэсэн мэдээллийг тус банкнаас авлаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Он гарснаас хойш 400 тэрбум төгрөгийг төлүүлжээ. Нийт 53 зээлдэгч ямар нэгэн хэлбэрээр зээлээ эргэн төлжээ.


Мөн чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс энэ оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ. Зээлийн эргэн төлөлтийн явцын талаар Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс тодрууллаа.


Тэрбээр, зээлийн эргэн төлөлтийн талаар шүүхийн шийдвэр гарсан ААН-үүдээс 5 компани зээлээ бэлэн мөнгөөр төлснийг хэллээ. Энд “Бэрэн” групп, НВЦ зэрэг аж ахуй нэгжүүд орж байна. Мөн нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө санал болгож байгаа ААН-үүд байгаа аж. Жишээ нь, “Пирамид орд” компани болон мөн НВЦ, “Бэрэн” групп хөрөнгө санал болгосноор, хэлэлцэл хийж байна. Тухайн хөрөнгүүдийн талаар банкны зүгээс шийдвэр гарахаар хүлээж байна гэв.


-Танай банкны өр зээлийн эргэн төлөлттэй холбоотой нийтийн сонсголыг явуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ дагуух шүүхийн шийдвэрүүд гарсан уу?

-Шүүхийн анхан шатны шийдвэр өнгөрсөн 7 дугаар сарын 7-нд гарч, танилцуулсан. Албажиж ирэх хугацаа нь 14 хоног байдаг хэдий ч өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Энэ нь олон иргэн, ААН болон хохирогч, өмгөөлөгч гээд олон талын мэдүүлэг, тэмдэглэл, нотлох баримт зэрэгтэй холбоотой, тэр бүрийг албажуулж буйгаас шалтгаалж буй байх. 3000 гаруй хуудас болж байгаа гэсэн мэдээлэл авсан. Цаг хугацаа шаардсан үйл явц болж байна гэж харж байгаа.


-Шүүхэд шилжээгүй хүлээж байгаа хэдэн зээл байгаа вэ? Шүүхийн шийдвэр гарахад хугацаа алдаж буй өр, зээлийн асуудлыг хэрхэн, яаж шийдэж байна?

-Шүүхэд шилжээгүй 2 зээл байгаа. Тодорхой түвшинд борлуулалт, үйл ажиллагааны орлогоос нь зээлийн эргэн төлөлтийг хангуулж байгаа явдал ч бий. Тийм учраас заавал шүүх гэхгүйгээр асуудлыг шийдэж буй зээлүүд ч байгаа.

Шүүхийн шийдвэр гарсны дараагаар хэрэгжих хугацаа алдагдах буюу нэг ёсондоо 2019 онд шүүхэд өгөөд шийдвэрлэснээс хойш 5 жилийн дараа гарсан дүн ч байгаа. Энэ хугацаан дахь мөнгөн дүнг тооцвол 1.8 тэрбум төгрөгийг банк алдсан. Үүнийг Иргэний тухай хуулийн 219, 222-ийн 4,5 гэсэн заалтыг баримтлаад бид бүхэн тодорхой түвшинд хохирол, алдагдсан боломжоо нэхэмжлэхээр ажиллаж байна. Үлдэж буй бусад зээлийн хувьд шүүхийн шийдвэр гарсны дараагаар ШШГЕГ-тай хамтран тодорхой хэмжээний зээлийг эргэн төлүүлж байна.




Т.Амаржаргал

Related news