“Evergrande”-ийн хувьцааны арилжааг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-28 16:12:00

ХОНКОНГ. /CNBC/. Хятадын Evergrande” группийн хувьцааны арилжааг пүрэв гарагт түр зогсоосон тухай Хонконгийн хөрөнгийн бирж мэдээлжээ.


Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Хятадын үл хөдлөх хөрөнгийн компанийн захирлыг мөрдөн шалгаж байгаа ажээ. “Evergrande”-ийн хувьцааны ханш лхагва гарагт арилжаа хаагдах үед 32 хонконг цент байв. 


Энэ нь тус компанийн хувьцааны арилжааг зогсоож буй анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард зогсоож, 17 сар завсарласны эцэст наймдугаар сарын 28-нд сэргээж байсан юм.


Лхагва гаргийн орой Evergrande компаниас мэдэгдэл гаргаж, энэ оны эхний зургаан сарын хугацаанд 33 тэрбум юань буюу 4.15 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдгээ дурджээ. Түүнчлэн 2022 оны эхний хагаст 39 тэрбум 360 сая юань байсан үйл ажиллагааны алдагдал 11 тэрбум 720 сая юаньд хүрсэн байна.


Тус компани 2021, 2022 онуудад нийтдээ 81 тэрбум долларын алдагдал хүлээсэн тухайгаа долоодугаар сард танилцуулсан тайландаа дурджээ. Харин дефолтод орохоос өмнө буюу 2020 онд 8.1 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллаж байв.


Өрийн бүтцэд хийх өөрчлөлтийн талаар гуравдугаар сард зарласнаас хойш “группийн борлуулалт компанийн төлөвлөсөн түвшинд хүрээгүйтэй” холбогдуулан зээлдүүлэгчидтэй хийх тухайн асуудлаарх уулзалтыг хойшлуулсан юм.


Ингэхдээ “компанийн бодит байдал болон зээлдүүлэгчдийн шаардлагыг хангахын тулд бүтцийн өөрчлөлтийн нөхцөлийг дахин үнэлэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Наймдугаар сард Evergrande АНУ-ын шүүхэд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалт авах хүсэлт гаргасан бөгөөд хуульд зааснаар гадаадын компани өрийн бүтцийн өөрчлөлт хийж байх хугацаанд АНУ дахь хөрөнгийг нь хамгаалдаг байна.


Evergrande-ийн салбар болох Tianji Holdings”, мөн охин компани Scenery Journey Манхэттений шүүхэд мөн адил хүсэлт гаргасан байна. Evergrande  2021 онд дефолтод орсон бөгөөд төслүүдээ дуусгах, нийлүүлэгч, зээлдүүлэгчдэд төлөх өрөө барагдуулахад хүндрэл учирсан тул энэ оны гуравдугаар сард оффшор бүс дэх өрийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөө зарласан билээ.

 


 

Related news