Иргэдийн 43 хувь нь цахим орчноос авсан мэдээллээ нягтлах чадвартай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-28 16:24:55

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. "Глобал Интернэшнл" төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар хамтран Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулан “Цахим орчинд мэдэх эрхийг хангах нь” хэлэлцүүлгийг АТГ-т зохион байгууллаа.


НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганаар мэдээлэл олж авах эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, есдүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгон тунхагласан. Үүнтэй холбогдуулан Глоб Интернэшл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулж тус өдрийг тэмдэглэдэг аж.


Хэлэлцүүлэгт АТГ-ын үндэсний хөтөлбөр, 2023-2050 оны зорилт, цахим мэдээллийн ил тод байдал, нээлттэй мэдээллийг цахимд байршуулж шинэчлэх, хянах, иргэдийн мэдэх эрх хангагдаж байгаа эсэх сэдвийн хүрээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцон, илтгэл танилцууллаа.


Энэ үеэр ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл ярихдаа, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 68 төрлийн мэдээлэл ил байх ёстой гэж хуульчилсан. Ил тод байдлын тухай асуудлыг Засгийн Газрын тогтоолоор журамласан байдаг. Иргэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ нягталж байгаа эсэх нь их чухал. Иргэдийн 43 хувь нь л цахим орчноос авсан мэдээллээ нягтлах чадвартай гэсэн судалгаа гарсан. ЦХХХЯ, БШУЯ хамтран Иргэдийн тоон бичгийн болон мэдээлэл нягтлах ур чадварыг нэмэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” гэлээ.


"Глоб Интернэшнл" төвийн удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Л.Галбаатар, “Цахим орчноос мэдээлэл авахад интернэтийн хэрэглээ сайн, өртөг хямд байх ёстой. Иргэд цахимаас авсан мэдээллээ шүүн тунгаах чадварыг цахим ур чадвар гэдэг.  Манай улсын иргэдийн цахим ур чадвар 50 хувь ч хүрэхгүй. Ихэвчлэн хөдөө орон нутаг, алслагдмал бүсэд байгаа иргэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим орчноос мэдээлэл авах, боловсруулах чадвар муу байдаг. Нөгөө талаас төрийн байгууллагууд мэдээллээ цахим орчинд бүрэн, шуурхай хүргэхгүй байна. Иймд тэдгээр байгууллагууд мэдээллээ цахимд нийтлэх, түгээх шаардлагатай. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлаад тодорхой хугацаа өнгөрсөн ч хангалттай хэрэгжихгүй байна” хэмээв.

                                                                                                                                                                                 Т.Амаржаргал

Related news