ТӨВ: “Атгахан чулууны үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галерейд “Атгахан чулууны үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэв. Тус үзэсгэлэнг 10 дугаар сарын 8-ны өдрийг дуустал зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэнг Төв аймгийн Эрдэнэсант
сумын уугуул, уран зургийн олон зуун бүтээлүүдээрээ үеийн үед Монголын дүрслэх
урлагт мөнхөрсөн нэрт зураач Цэрэндоржийн Жамсрангийн мэндэлсний 100 жилийн ойд
зориулж түүний үр хүүхдүүд санаачлан дэлгэж
буй юм.
Эрхэм
зураачийн “Найрамдлын тухай тосон будгийн цуврал зураг”, “Суртлын бригад”,
“Орхоны хавар”, “Монгол бүсгүй”, “Наадмын замд”, “Замчин”, “Их үйлсийн төлөө”
зэрэг өөрийн гэсэн өвөрмөц, тансаг өгүүлэмжтэй бүтээлүүд бий.
Нэрт зураач Ц.Жамсрангийн бүтээлүүд
ихэвчлэн Монгол орны бүтээн байгуулалтын өнгө жавхаа, эх орныхоо үзэсгэлэнт
байгаль, түүх хувьсал, аж байдлын сэдэвтэй байдаг.
Мөн монгол зураг, ардын билэг зүй,
уран элэглэлийн хэллэгийг бүтээл, туурвилдаа урнаар ашигладаг бөгөөд энэ бүхэн
нь ялангуяа түүний зурагт хуудсуудад илүү тодоор дүрслэгдсэн байдаг.
Тэрээр 1960-аад оны дундуур Дархан
хотод суурьшин, хотын түүхийг судалж, уран бүтээлийнхээ чиг баримжааг
“Өнгөрсөн, одоо хоёрыг харьцуулан үзүүлэх юмны мөн чанарыг гаргах нэг арга юм”
хэмээн тодорхойлон бүтээсээр ирсэн талаар Монголын уран зургийн
галерейн хамт олон онцолж байв.
Мөн ИТХ-ын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор Эрдэнэсант сумын “Соёлын төв”-ийг энэхүү нэрт зураач Ц.Жамсрангийн нэрэмжит болгосон байна.