Хаити руу олон улсын цэргийн хүчийг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-03 11:25:51

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 3 /DW/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хаити улсад олон үндэстний цэргийн хүчнийг байрлуулах шийдвэрийг даваа гарагт гаргажээ.


Хаитигийн эрх баригчид тус улс дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг жил орчмын турш тэмцэж байгаа энэ үед олон улсын цэргийн хүчин "шаардлагатай бүх арга хэмжээг авах" эрхтэй юм.  


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалтын үеэр Орос, Хятад хоёр түдгэлзэж, бусад 13 гишүүн орон дэмжсэнээр олон үндэстний хүчнийг Хаитид оруулахаар шийдвэрлэжээ. Мөн НҮБ-ын зэвсгийн хоригийг зарим хувь хүмүүст төдийгүй бүх бүлэглэлүүдэд хамааруулан өргөжүүлэхээр болсон байна.


Олон улсын зэвсэгт хүчнийг өнгөрсөн зун 1000 цэргээ илгээхээр амласан Кени улс ахлах төлөвтэй байна. Карибын тэнгисийн Ямайка, Багамын арлууд, Антигуа ба Барбуда улсууд мөн цэргийн хүчээ илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


АНУ логистикийн болон 100 сая долларын дэмжлэг үзүүлэхээ амласан юм.


Хаитигийн Гадаад хэргийн сайд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалтыг "зовж шаналж буй хүмүүст итгэл найдварын очийг бэлэглэсэн үйл явдал" гэж тодорхойлжээ. Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри гэмт бүлэглэлүүдийг хянахын тулд гадаадын цэргийн хүчийг нэн даруй байрлуулах хүсэлт тавьснаас хойш бараг нэг жилийн дараа НҮБ дээрх шийдвэрийг гаргалаа.


Үүний сацуу олон улсын цэргийн хүчнээс болгоомжлох хандлага Хаитид хэвээр байна. Өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах хүчний ажиллагаа 2004-2017 онд явагдаж байсан бөгөөд энхийг сахиулагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуулиан, холер өвчин дэгдсэн зэрэг асуудлаас үүдэн уг ажиллагаа зогссон юм.

 



Related news