140 гаруй жил баригдаж буй Испанийн сүм ашиглалтад орох дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-03 15:21:41

МАДРИД, 2023 оны аравдугаар сарын 3. /Sky News/. Испанийн Барселона хотын алдарт Sagrada Familia/Ариун гэр бүл/ сүмийг барьж эхэлснээс хойш 140 гаруй жилийн дараа дөрвөн цамхгийнх нь барилгын ажил дууссан түүхэн үйл явдлыг тус хотынхон тэмдэглэж байна.


Дэлхийд цуутай архитектурын энэхүү бүтээлийг барих ажил өнө удаан үргэлжилж байгаагаараа алдартай билээ. Уг сүмийн зураг төслийг Испанийн уран барилгач Антони Гауди гаргасан бөгөөд түүнийг сүмийн бунханд оршуулжээ. Саяхан барьж дууссан дөрвөн цамхаг нь Христийн шашны сургаалийг түгээгч Мэтью, Жон, Марк, Люк нарыг төлөөлж байгаа бөгөөд Христэд зориулсан буюу голд нь байх хамгийн өндөр цамхгийг тойрон сүндэрлэнэ. Харин Христэд зориулсан цамхаг нь дараачийн барьж байгуулах сүүлчийн цамхаг болох юм.


Дөрвөн цамхгийг барьж дуусгасныг тохиолдуулан ирэх сард ёслолын арга хэмжээ зохион байгуулах ажээ. Сүмийг барих ажил 1882 онд эхэлж байсан тул өдгөө 141 дэх жилдээ үргэлжилж байгаа гэсэн үг юм. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү асар том байгууламж нь жил бүр олон сая жуулчныг татдаг. 1926 онд таалал төгссөн А.Гауди амьдралынхаа ихэнх хугацааг Sagrada Familia-д зориулжээ. Түүний дуусгаагүй бүтээл дэлхий дахинд Барселона хотын бэлгэ тэмдэг болсон юм.


Одоо явагдаж буй барилгын ажлыг уран барилгачийн гаргасан анхны загварууд болон 1930-аад онд гарсан түймэрт шатсан зураг төслүүдийнх нь гэрэл зургуудад тулгуурласан гэж La Sagrada Familia сангаас мэдээлжээ. Сүмийн барилгын ажил 2026 онд буюу А.Гаудигийн нас барсны 100 жилийн ойгоор дуусах төлөвтэй байна.

Related news