З.Батбаяр: Усан сан байгуулж үерээс хамгаалах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-13 09:26:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зун Улаанбаатарт хотод Сэлбэ гол үеэрлэн, олон айл орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, хүний амь нас эрсэдсэн билээ. Гол дахин хэзээ үерлэхийг хэн ч мэдэхгүй. Иймд Сэлбэ голын онцгой бүс дэх 2900 хашааг бүгдийг нь нүүлгэж, 2400 байшинг нурааж чадахгүйгээс хойш оновчтой шийдэл нь усан сан байгуулах гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр “Монгол Улсын усны нөөцийн асуудал, сорилт, бэрхшээл” хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.


Тэрбээр “Манай орны Хэрлэн, Орхон зэрэг 10 голын 33 байршилд усан сан барих боломжтой. Аймаг бүр нэг хөв цөөрөмтэй болсноор усны нөөц хуримтлуулна. Туул голд усан сан байгуулахад 800 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт яригддаг. Иймд эхлээд хөв цөөрөм байгуулж, наанадаж дээврийн усаа хуримтлуулах нь чухал байна. Дээврийн усаа хуримтлуулснаар сургуулиуд хэд хоног шалаа угаачихна шүү дээ.

Усан сан байгуулах нь голоо аварч, гүний усны түвшинг тэжээхээс гадна бүс нутгийн экологийн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй юм. Энэ бүхэнд эрдэмтдийнхээ үгийг сайн сонсох хэрэгтэй. Эс бөгөөс маш олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Алт олборлодог компаниудын 80 хувь нь тоолуургүй, тоолууртай ганц нэг нь зэрэгцээ шугам холбоод тоолуур тавьдаггүй мэдээлэл ч бий. Усны газраас эдгээрийг цэгцлэх ажлуудыг төлөвлөөд байгаа” гэв.


Дэлхийд усан сангүй ганц нийслэл нь Улаанбаатар хот бөгөөд БНХАУ гэхэд 17 мянга, БНСУ 19 мянга, ОХУ 4500 усан сантай. Дэлхийн хамгийн том 10 усан сангийн 6 нь ОХУ-д байдаг аж. Усны нөөцийг хадгалах, зөв зохистой хэрэглэхэд эмэгтэйчүүд чухал үүрэгтэй. Иргэдэд усны тухай зөв мэдээлэл өгөх, танин мэдүүлж, соён гэрээгүүлэх нь чухал байна. Наанадаж, ус зайлуулах хоолой биш ус хуримтлуулах хоолой гэж нэрлэж хэвшье. Усыг алттай зүйрлэж болохгүй. Учир нь алт ухсанаар 700 гаруй гол горхи ширгээд байгаа. Иймээс ус бол алт биш, усгүй бол амьдрал үгүй учир чандмань эрдэнэ гэдгийг хэлж байлаа.  


2008 оны судалгаагаар дэлхийн хамгийн бохирдолтой голын тоонд БНХАУ-ын Шар мөрөн, Туул гол бичигдсэн байдаг. Шар мөрний эрэгт 100 сая хүн, харин Туул голын эрэгт 1.5 сая хүн амьдардаг ч  бохирдол нь ижил түвшинд байгаа нь харамсалтай. Иймд Туул голыг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын зурваст оруулах, эсвэл тусгайлсан хууль гаргах ч боломжтойг З.Батбаяр дурдсан юм. Тухайлбал, ОХУ гэхэд Байгаль нуураа хамгаалах хуультай аж.


Мэргэжилтнүүдийн тооцооллоор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2035-2050 онд манай орны мөнх цастай уулын цас хайлж дуусах магадлал бий. Монголын баруун бүсэд гол, нуурын усны түвшин багасдаггүй, Үүрэг нуурынх гэхэд нэмэгдсээр байгаа нь үүнтэй холбоотой. Мөнх цас хайлж дуусахад Булган, Ховд, Буянт голууд ширгэж, Их нууруудын хотгор экологийн сүйрэлд өртөх аюултай. Гол, ус ширгэвэл хүмүүс хот суурин бараадахаас өөр аргагүйд хүрч, энэ нь эргээд хот суурин газрын төвлөрөл, ундны усны хомсдол дагуулах аюултайг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. 

Related news