“Говийн гайхамшигт 6”-г хамгаалах Тахийн талын тунхаг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-20 23:20:27

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх  арга хэмжээг 2016 оны есдүгээр сарын 15,16-нд  зохион байгууллаа.

Уг ажлыг тахийн байгал дээр ул мөрөө үлдээсэн сүүлчийн газар шороогоор түүхэнд тэмдэглэгдсэн Зүүнгарын говь, одоогийнхоор бол тахийг сэргээн нутагшуулж буй Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хэмээх газар, тодруулбал Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт болсон юм.

Энд оролцсон 174 хүн хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт зэргийг “Говийн гайхамшигт 6” хэмээн онцлохоор болов. “Говийн гайхамшигт 6”-г цаашид “ГГ-6”, “GG-6” гэхчлэн гадаад, дотоодод хүргэх, ач холбогдлыг нь танилцуулахаар ярьж тохирсон байна. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээнд  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, “Мазаалай” хамгаалах сан, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Монголын үндэсний олон нийтийн телевиз, “Хомын талын тахь” ТББ, МУИС, “Steppe forward” хөтөлбөр, Хустайн байгалийн цогцолборт газар, Тахийн талын тахь нутагшуулах төв, Францын тахь хамгаалах холбоо, Говийн их дархан цаазат газрын “А” болон “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийг төлөөлөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын удирдлага болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ховд аймгийн Алтай сумын Алтангадас, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Алтансоёмбо”, Бугат сумын “Биж” багийн иргэд оролцсон байна. Энэ үеэр эрдэмтэн судлаачид дээрх зургаан амьтны ач холбогдол, үнэ цэнийг тус бүрт нь танилцуулж оролцогчдын мэдлэгийг дээшлүүлж байлаа. Энэхүү арга хэмжээний нэг гол үр дүн бол TTT буюу “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөсөн явдал юм. “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтын талаар зөвлөлгөөнд оролцогчид олон нийтэд хандсан уриалга гаргасан явдал юм.

Албан ёсны арга хэмжээний дараа Алтай, Тонхил, Бугат сумдыг төлөөлсөн гурван багийн иргэдийн дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа. Энэ тэмцээнд урлаг, уран сайхны арга хэмжээ байсны сацуу говь нутгийн гайхамшиг болсон зургаан амьтдын амьдрал, оршин буй газар нутаг, ач холбогдлыг  хамарсан, оролцогч нарын мэдлэгийн цар хүрээг тэлсэн асуулт, хариулт байсан юм.

Мөн МЗЭ-ийн шагналт зохиолч Ш.Цоодолын зохиол “Их говийн наран дор” дуулалт жүжгийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Тахийн талд тоглосон нь жинхэнэ сюрприз болж чадсан юм. Энэ жүжигт говь нутгийн гайхамшигт зургаан амьтны амьдрал, өнөөгийн төлөв байдлыг хар, цагаан талаас нь харшуулан тавьжээ. Ийнхүү “Говийн гайхамшигт 6” арга хэмжээ амжилттай болж талууд говийн гайхамшиг болсон зэрлэг амьтдаа хамгаалах даалгавар өвөртлөн нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.      

                                                                                Ш.Цоодол

Related news