Байгаль орчны мэргэжилтнүүд орон нутгийн хүүхдүүдийг сургаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлттэй
холбоотойгоор биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын дасан зохицох
үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд манай улсад байгаль орчны мэргэжилтнүүд дутагдаж
байна.
Ялангуяа байгаль орчныг хамгаалах гол обьект болох Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар хүрэлцээгүй байна. Энэ талаар өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон мэргэжилтнүүдийн уулзалт хэлэлцүүлэг дээр хөндлөө.
Тодруулбал, байгаль орчны
мэргэжилтнүүдийг бэлтгэх сургах чиглэлээр БОАЖЯ, Герман Улсын Засгийн газраас манай
улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын дасан зохицох”
төслийг хэрэгжүүлж буйг танилцууллаа. Энэ талаар төслийн зохицуулагч
М.Болдбаяраас тодрууллаа.
Тэрбээр, төслийг Монгол
Улсын Засгийн газар, ХБНГУ-ын
хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн
банк (KfW)-наас
БОАЖЯ-тай хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг
бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн
иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.
Төсөлд Тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын 18 захиргаа, аймаг, сумдын 75 сургууль, мөн 13 аймгийн байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, төслийн хүрээнд мэргэжилтнүүд болон ЕБС-ийн сурагчдыг сургахаас гадна Тусгай хамгаалалттэй газар нутгийн орчны бүсийн сумдын сургуулиудад “Эко танхим” байгуулж, гарын авлага, багаж хэрэгслээр хангаж байна гэв.
Төслийн эхний үе
шат 2015-2021 онд Төв, Хангай, Зүүн бүсийн ТХГН-уудад 11.5 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжсэн бол II,
III үе шатыг 2020-2027 онд Баруун болон Говийн бүсийн ТХГН-уудад 27.5 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлж буйг мэдээллээ. Тусгай хамгаалалтын газрын мэргэжилтнүүдийг
хэрхэн бэлтгэж, хүний нөөцийг бүрдүүлж байгаа талаар тодруулахад тэрбээр:
-Юуны өмнө манай улсад
байгаль орчин, ХАА-н чиглэлээр боловсон хүчин дутмаг байна. Өнгөрсөн онд манай
улсад дээрх чиглэлээр 400 оюутан бэлтгэсэн. Энэ бол чамлахаар тоо. Бид төслийн
хүрээнд эхний ээлжид 750 хүн сургаж бэлдэнэ. Гол нь тэдгээр хүмүүс цааш нь
орон нутагт ажиллахдаа сургуулийн сурагчдыг мөн сургана. Төслийн гол зорилго,
ач холбогдол энд байгаа юм.
Энд Германы Засгийн газар хөрөнгө гаргаж байна. Мэргэжилтнүүд улсын хэмжээнд жилд 38 мянган хүүхдэд хүрч ажиллана. Тиймээс орон нутгийн, ялангуяа байгалийн тусгай хамгаалалтын бүсэд оршиж буй аймаг, сумдын хүүхдүүдэд байгаль орчны чиглэлээр суралцаж мэргэших боломж их байна гэв.
Булган аймгийн боловсролын улсын байцаагч Б.Сэрчмаа:
-Бид төслийн хүрээнд хүүхдүүдийг
багаас нь байгаль орчны мэргэжилтнээр сургахад анхаарч байна. Газар дээр нь
практик дадлага, танхимд байгалийн ухааны хичээлийн хөтөлбөртэй нь уялдуулан
интеграцчилсан байдлаар сургаж байна. Мөн гарын авлагаар хангаж байна.
Хичээлийн хэрэгсэл олгож байна. Тиймээс багшаас зөвхөн ур чадвар нь шаардаж
байгаа. Төслийн эхний шатанд манай аймгаас 3 сургууль хамрагдсан гэв. Сүхбаатар
аймгийн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны
мэргэжилтэн Ж.Мөнхцэцэг:
-Манай хамгаалалтын захиргаа 18 хүнтэй, үүнээс 9 нь байгаль хамгаалагч, 3 нь мэргэжилтэн. Энэ бол хангалттай тоо. Бусад газарт мэргэжилтэн дутмаг, байгаль хамгаалагч хүрэлцэхгүй байна. Харин төр, засгаас бидний цалинг нэмж, байгаль орчны хуульд нийгмийн асуудлыг хөндсөн өөрчлөлт оруулсан нь энэ салбарт боловсон хүчин татах, бидний үйл ажиллагаанд их дөхөмтэй, том дэмжлэг болсон гэв.