ОРХОН: Хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа хавдрын “Бай эмчилгээ”-г эхлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-09 17:35:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 9, /МОНЦАМЭ/. Орон нутагтаа хавдрын “Бай эмчилгээ” эхлүүлснээр Улаанбаатар хот руу зорчих иргэдийн тоо багасжээ. БОЭТ энэ оны дөрөвдүгээр сараас Хавдрын тасагтаа бай эмчилгээ эхлүүлж өнөөдрийн байдлаар 48 хүнд үйлчилгээ үзүүлээд байна.


Учир нь Орхон аймагт жилд дунджаар 1200 хүн хавдраар оношлогддог гэсэн судалгаа бий. Цаашид Хавдрын тасаг ачааллаа дийлэхгүй байх, Улаанбаатар луу эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул ийнхүү эртнээс арга хэмжээ авч эхэлжээ.


“Бай эмчилгээ” гэдэг нь тухайн биед үүссэн хавдрын эсрэг чиглэсэн өвөрмөц эмчилгээ бөгөөд хавдрын хэмжээг багасгаж, ургалтыг сааруулдаг. Энэ нь хими эмчилгээтэй харьцуулахад эрүүл эс, эдийг бага гэмтээж зөвхөн хавдрын эсийг онилж эмчилдэг гэсэн үг юм. Ийм эмчилгээг Хавдар судлалын үндэсний төв болон хувийн эмнэлгүүд дунджаар 25 сая төгрөгөөр хийдэг. Тиймээс орон нутагтаа хийж эхэлсэн нь том давуу тал болж байгаа юм.


БОЭТ-ийн Хавдрын тасагт “Бай эмчилгээ” хийхэд шаардлагатай тоног, төхөөрөмжид орон нутгаас 235 сая төгрөг төсөвлөжээ.


Ташрамд дурдахад, хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа  хавдрын “бай эмчилгээ”-г эхлүүлээд байна. 

Related news