ДОРНОД: Амтат үхрийн нүдний дарс үйлдвэрлэж буй гэр бүл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-21 09:25:54

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрч буриад зоны төлөөлөл болсон Б.Батмөнх, түүний гэргий Б.Намжил нар Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн нутагт амьдардаг. Гэр бүлээрээ үхрийн нүд тарьж, гэрийн аргаар “Үхрийн нүд” амтат дарс нэрж, дарс нь нутаг орондоо хэдүйн танигджээ.

Тэд халуун залуу наснаасаа ханилан сууж, дөчин жил амьдрахдаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд нь өдгөө тусдаа гарцгааж, хүний зэрэгтэй амьдарч явна.


Өрхийн тэргүүн Б.Батмөнх нэгдэлд тракторчин хийж байгаад зах зээлийн жилүүдэд мал маллан, удалгүй ногоо тарьж, өрхийн тариаланч болжээ. Эднийх хашаандаа төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тарьж, ургацаа хураан даршилж нөөцөлдөг. Гэртээ нэг тоннын зоорьтой. Энэ намар л гэхэд 500 шил ногоо даршилжээ.

Хориод жилийн өмнөөс хашаандаа үхрийн нүд жимсний мод тарьж, явцдаа алим, чавганы модоор төрлөө нэмсээр өдгөө жимсний 100 гаруй модтой болоод байна. Үхрийн нүдээрээ чанамал хийхээс гадна гэрийн аргаар үхрийн нүд жимсний амтат дарс нэрж байна.

Энэ намрын саруудад 100 гаруй кг үхрийн нүд хурааж, дарс, чанамал хийжээ. Таван зуун граммын савлагаатай дарсаа есөн мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. Эдний гэрийн дарсыг нутаг орныхон нь төдийгүй өөр аймаг, хотуудаас ч захиалж худалдан авч хэвшжээ. Ийнхүү нөр их ажлын хажуугаар гэрийн эзэгтэй машины суудлын бүрээс, орны бүтээлэг оёж, мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залуустаа зааж сурган үлгэр дуурайлал болж байна.


Сонирхуулахад, үхрийн нүд нь аскорбины хүчлийн агууламж өндөр жимс юм. Аяганы тал үхрийн нүд хүний биеийн нэг өдрийн С витамины хэрэглээг бүрэн нөхдөг учир ханиад эдгэхгүй үед үхрийн нүд буцалгаж уувал сайнаас гадна судасны хана хатуурах, цус багадалтаас сэргийлэх зэрэгт сайн нөлөө үзүүлдэг. 

Related news