Оросын уран бүтээлчид Халх голын 85 жилийн ойд зориулсан уран бүтээл хийхээр Монголд иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-11-28 17:40:16

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. ОХУ-ын мэргэжлийн уран бүтээлчдийн “Невский баталист” урлангийн уран бүтээлчид манай улсад ирээд байна.


Тэд ирэх онд тохиох Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын бүрэн хэмжээний баримлыг бүтээснээ өнөөдөр Улаанбаатар дахь Русский дом-д болсон уулзалтын үеэр танилцуулав. Баримлыг ирэх сарын 1-нд Г.К.Жуковын мэндэлсэн өдөр маршалын гэр-музейд хүлээлгэн өгөх аж.


Бүрэн хэмжээний 3D диорам бүтээлээр мэргэшсэн "Невский баталист" студийн уран бүтээлчид өнөөдөр болсон уулзалтаар хүний дүрс, машин техник, ландшафтын загвар бүтээх шинэ технологийн талаар мэдээлж, уулзалтын хүндэт зочин, ЗХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн цээж баримлыг бүтээж, уран бүтээлээ бодитоор харуулсан юм.


Өнөөдрийн уулзалт болон Монгол дахь Оросын уран бүтээлчдийн айлчлалыг ОХУ-ын “Газопровод Союз восток” компани ивээн тэтгэн Улаанбаатар дахь Русский дом-той хамтран зохион байгуулж байна.  


ОХУ-ын Санкт-Петербург хотоос манай улсад ирсэн залуу уран бүтээлчид болох уран барималч, дизайнер, түүхч, музейн мэргэжилтнүүдээс бүрдсэн уран бүтээлийн баг Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан уран бүтээл хийх  юм.


Related news