Хилчид ирэх онд 250 мянга гаруй мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-05 15:11:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, Хил хамгаалах байгууллагын удирдлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Ойн газрын дарга Б.Оюунсанаа гар үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулснаар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, УИХ-ын Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл “Боомтын сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд хамтран ажиллах, Хил хамгаалах байгууллагын “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлж, 16 сая мод, бутлаг ургамлыг тарьж ургуулахаар төлөвлөжээ.


Мөн энэ үеэр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн хэсэгт 80 га талбайд 176 мянган ширхэг мод тарьж, хамгаалалтын ойн зурвасыг нэмэх, Өмнөговь аймгийн Гурван тэс, Говь-Алтай аймгийн Алтай сумын 20 га талбайд 60 мянган ширхэг заг, сухай, буйлс, жигд модыг хээрийн ойжуулалтад шилжүүлэх, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бургастайн булаг”, Өмнөговь аймгийн Ноён сумын “Цайлан булаг”, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хангийн булаг”-ын 6 га талбайд 7500 ширхэг мод тарьж, ойжуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. 

Related news