АРХАНГАЙ: Төсөл хэрэгжсэнээр 127 арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил" төслийг Архангай аймагт 1998 оноос эхлэн 4 үе шаттайгаар 20 гаруй жил хэрэгжүүлж иржээ. Хамгийн сүүлд 2018 оноос "Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил" төслийг нэмэлт санхүүжилт 2 нэртэйгээр таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, үр өгөөжийг нь хэлэлцэх уулзалтыг энэ сарын 10-ны өдөр аймгийн ХХААГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.
Төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд Архангай аймагт нийт 127 арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүний үр дүнд 209 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжиж, өрхийн орлого, ажлын байр нэмэгдсэн. Тахианы аж ахуй шинээр байгуулагдаж, аймгийн хэрэгцээт өндөгний 50 хувийг хангаж байна.
Мөн Архангай аймагт 61 худаг гаргаж, 884 өрхийн 405.7 мянган мал, 73.2 мянган га бэлчээрийг усжуулаад байна. Үүний сацуу 22 угаалгын ванн, өвс тэжээлийн гурван агуулах саравч, үлийн цагаан оготно устгах 15 тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт зэргийг тухай бүр хийсэн байна.
"Зах
зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил" төсөл нэмэлт санхүүжилт 2 төслийн хүрээнд
зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй жижиг өрхийн бизнесийг дэмжиж,
зээл олгосон юм. Өөрөөр хэлбэл, нийт 148 иргэн, аж ахуйн нэгжид 2436.9 сая
төгрөгийн зээл олгосон байна. Өнөөдрийн байдлаар 35 иргэн, аж ахуйн нэгж
зээлээ төлж, 73 иргэн, ААН-ийг зээлийн батлан даалтын санд хамруулжээ.
Мөн зоорьтой болсноор төмс, хүнсний ногооны улирлын хамаарлаас шалтгаалах үнийн өсөлт, хомсдлыг бууруулсан байна.
Малчны бүлгийг 3 сумын 969 өрхийн 3683 малчныг хамруулан
зохион байгуулжээ. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэл, түүний үндсэн суурь болсон
бэлчээрийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр бодит хөрөнгө оруулалт
болж, малчид мал аж ахуйгаа зөв төлөвлөн байгалийн гамшгийг гарз хохирол
багатай даван туулах чадвар нэмэгдсэн байна. Мөн бэлчээрийн усан хангамж сайжирч, малын
үүлдэр угсааг сайжруулах, малын удмын сангаас цэвэр үүлдрийн малтай болох боломж нээгджээ.