АРХАНГАЙ: Зарим амьтны тоо толгой 10 орчим хувиар буурахад уур амьсгалын өөрчлөлт нөлөөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт нь амьтдад нөлөөлдөг байна. Архангай аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаанаас харахад 2012-2018 оны хооронд амьтдын тархалт 20 орчим хувиар, зарим амьтдын тоо толгой 10 орчим хувиар буурсан байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн.
Тухайлбал, 2010-2018 оны судалгаагаар халиун буга 1406-гаас 1589 болж өссөн хэдий ч тархац нутаг нь 13230 км2-аас 4543 болж буурсан дүн байна. Бор гөрөөсний тоо толгой 2895-аас 1451, тархац нутаг нь 13275 км2-аас 3233 болж буурчээ. Зэрлэг гахайны хувьд эрс цөөрсөн ба 2010 онд тоо толгой нь 4424 байсан бол 2018 онд 1451 болж цөөрчээ. Тархац нутаг нь ч мөн адил буурсан үзүүлэлттэй байна.
Орон
нутгийн мэргэжлийн байгууллагаас амьтны тархац, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор
Батцэнгэл, Хайрхан, Булган суманд 161 толгой тарвагыг, Эрдэнэмандал суманд
Бугын илий 10 толгой, Эрдэнэбулган суманд 13 толгой янгир, Өндөр-Улаан, Тариат
сумдад Зэвэг, Хадрангийн 500 мянга орчим бие даан амьдрах чадвартай жарамгайг
нутагшуулаад байна.
Мөн
энэ онд Цахир, Эрдэнэмандал, Хашаат сумын 7 байршилд 102 боодол өвс, 2 тонн
хужир мараагаар биотехникийн арга хэмжээ авчээ.