АРХАНГАЙ: Томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгийн 40 гаруй хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 47 дугаар долоо хоног буюу 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүний дотор 2-9 настай хүүхдүүд 33.4 хувийг эзэлж байгаа бол 25-49 насны хүмүүс 11.2 хувийг эзэлж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагад ТТӨ-ий шалтгаант дуудлага 11.5 хувь, Эрдэнэбулган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ТТӨ-ий өвчлөл амбулаторийн үзлэгт 6.7 хувь байгаа нь өмнөх долоо хоногоос 3.3 хувиар өссөн байна.
Томуугийн халдвар 39 дүгээр долоо хоногоос хойш “идэвхжлийн түвшин”-д байгаа ба ачаалал хэтэрч, ор нэмэх асуудал гараагүй байна.
Аймгийн ЭМГ-аас томуугийн бэлэн байдлын үеийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн үнэлгээг хийж, хоёр сарын нөөцийг бэлтгэсэн байна. Мөн томуугийн дэгдэлтийн үеийн ор дэлгэх төлөвлөгөө болон хүний нөөцийн дайчилгааны төлөвлөгөөг гаргажээ.
Аймгийн
хувьд ХӨСҮТ-өөс 7420 хүн тун томуугийн вакцин татан авч, 2-5 насны 4996 хүүхэд,
265 жирэмсэн, 1203 архаг хууч өвчинтэй болон 65+ насны иргэд, 763 эмнэлгийн
мэргэжилтнийг дархлаажуулж, вакцинд хамрагдалт 97.4 хувьтай байгааг аймгийн
ЭМГ-аас мэдээллээ.