“Баавгай болохсон” Монголын үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын кино урлагт шинэчлэл хийж, түүхийн хуудас эргүүлсэн уран бүтээл бол найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино юм. Энэхүү бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцээр монголчуудын хүртээл болох нь ээ.
Найруулагч
П.Золжаргал киноныхоо тухай ярихдаа “Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ
өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч
байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол
дүрийн чин хүсэл.
Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулна. Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн.
Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан “Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Францын “Urban Sales” компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна” хэмээж байв.
Уг кинонд Өлзий физикийн хичээлдээ сонирхолтой бөгөөд улсын олимпиадад түрүүлж, тэтгэлэг авахыг зорино. Гэтэл ээж нь ажил хийхээр хүүхдүүдээ орхин хөдөө явснаар Өлзий дүү нараа харах үүрэгтэй үлдэнэ. Хичээлдээ шамдахын сацуу эрсдэлтэй ажил эрхлэн, түлэх нүүрсний мөнгөө олж, хүйтэн өвлийг мэнд давах амаргүй сорилт түүнд тулгардаг талаар өгүүлэх юм.
Сонирхуулахад, найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино олон улсын кино наадмын “Шилдэг дебют кино”-гоор шалгарч, “Алтан алим” цом хүртсэн байна.