ЗАВХАН: Тахийн тоо толгой 100 гаруй бодгаль хүртлээ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-04 17:16:22

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын тахийг хамгаалах үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэнэ.


"Хомын талын тахь" ТББ-ыг нь 2014 онд үүсгэн байгуулсан, Францын Тахь Хамгаалах Холбооноос тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллага юм.


Тахийг сэргээн нутагшуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй.


1993 онд Францын иргэн Клаудиа Фэ өөрийн багийн хамт тахь сэргээн нутагшуулах зорилгоор Европын амьтны хүрээлэнгүүдээс Францын өмнөд нутаг дахь Севенний Байгалийн цогцолборт газрын Ле Вилларет хэмээх газарт 11 тахийг анх авч ирсэн.  

Эдгээр тахь нь энэхүү уулархаг газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицож чадсан бөгөөд 2004, 2005 онд нийт 22 тахийг Монгол Улс руу тээвэрлэн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд авч иржээ.


Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажлын үр дүнд тахийн тоо толгой 8-9 үржлийн сүрэгт хуваагдах 100 гаруй бодгаль хүртлээ өсжээ.


Энэ нь уг төслийг санаачлан эхлүүлсэн, санхүүжүүлсэн, хэрэгжүүлсэн олон талуудын хамтын ажиллагааны үр дүн юм.

Энэ жил тахь хамгаалах үйл ажиллагааг эхлүүлсний буюу манай байгууллага албан ёсоор байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Бид тахийг хэрхэн яаж хамгаалж, өсгөж, тахийн эх нутаг болсон тухайн газар нутгийн биологийн олон төрөл зүйлийн судалгаа, тухайн газарт амьдарч буй нутгийн уугуул иргэдийн аж амьдрал тахьтай хамт хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж дэвшиж байгаа талаарх сонирхолтой судалгаа мэдээллийг олон нийтэд хүргэнэ.


Бидний хэтийн зорилго бол Хомын талын байгалийн цогцолборт газарт бие даан амьдрах чадвар бүхий тахийн популяци 1000-1500 тахийг бий болгож, сэргээн нутагшуулах ажлын загвар бий болгохоор зорьж байгаа юм. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн сүргийг цаашид хашаанаас суллах, Хомын талд бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ирээдүйн тархац нутгийг хамгаалахад чиглэлээр бид ажиллаж байна гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.  


Ташрамд, УИХ-ын 2020 оны 5-р сарын 7-ны өдрийн 46-р тогтоолоор Хомын тал орчим Сээрийн нуруу, Хомын тал, Завхан гол, Улаан бураа, Их болон Бага Буурал, түүний салбар уулсын 411,403.80 га талбай бүхий газар нутгийг Байгалийн Цогцолборт Газар ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулсан. 

Мөн БОАЖ-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний А-303 тоот тушаалаар "Тахь хамгаалах Үндэсний дэд хөтөлбөр" 2020-2035-ыг баталсан аж.

Related news