Д.Түвшинсайхан: Морин хуур бол түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
l.tungalag@montsame.gov.mn
2024-01-06 15:39:07

Улаанбаатар, 2023 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын урлагийн түүхэнд Морин хуурын чуулгын бүтээсэн хамгийн чухал гавьяа нь Монголын үндэсний урлаг, өв соёлыг дэлхий дахинаа таниулж буй явдал юм. Морин хуурын чуулгынхан олон ч удаа төр засгийн өндөр хэмжээний айлчлал болон олон соёлын арга хэмжээнд Монголынхоо нэрийг тахалж, хуурын татлагаараа суу билэгт хөгжмийн зохиолчдоо, бас үндэсний урлагаа сурталчилсан. Иймийн учир Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан Морин хуурын чуулгыг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан билээ.

Морин хуурын чуулга хийгээд морин хуур хөгжмийн тухай Улсын филармонийн Уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхантай ярилцлаа.

-Морин хуурын чуулгад Төрийн шагнал хүртээхэд монгол хүн бүр л танай чуулгаар бахархаж байлаа?

-Үнэхээр гайхалтай сайхан мөч байсан. Түүхэн 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 30-аад орны тайзнаа 600 гаруй тоглолт хийсний дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтран бүтээл туурвисан байна.

“Морин хуурын чуулга гайхалтай” гэдэг үгийн хариуд би “Морин хуурын чуулга болоод морин хуур нь монголчуудын оюуны өв гэдэг л үнэхээр гайхалтай” гэж хэлдэг. Харин би гэдэг хүн энэ гайхалтай чуулгын бүрэлдэхүүнд багтаж явдагтаа маш их баярлаж явдаг.


-Монгол Улсын Морин хуурын чуулгын тухай ярихад алдарт морин хуурч, Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун гэдэг хүнийг дурсахгүй өнгөрч болохгүй. Үгээ хэлж байхдаа хоолой зангируулж байсан?

-Шагнал олгохоор боллоо гэж өмнөх өдөр нь бидэнд хэлэхэд баяртай мөртлөө гунигтай байсан. Багшийгаа маш их үгүйлсэн дээ. “Өөрийнхөө зорьж бүтээсэн зүйлээ төрөөр үнэлүүлж, шагналаа өөрөө гардан аваад зогсож байсан бол...” гэж бодсон. Шагналаа авчихаад үгээ хэлж байхдаа биеэ үнэхээр барьж чадахгүй байлаа. Олон сайхан хүнийг дурсаж, олон зүйлийг дурдах хэрэгтэй болсны дээр ард түмнийхээ талархлыг тэнгэрт байгаа их хуурч Г.Жамъян, түүний шавь Ц.Батчулуун, мөн өдгөө бидэнд нөмөр нөөлөг болж яваа Н.Жанцанноров багш нартаа бид хүндэтгэл үзүүлсэн.

1989 онд Өвөрмонголын Их зуу аймагт алдарт хуурч Чибулагийн үүсгэн байгуулсан “Тахь” чуулгын тоглолт буюу олон улсын арга хэмжээнд Жамьян, Батчулуун, Жанцанноров хэмээх гурван эрхэм /“амьд бурхан”, “ярьдаг бурхан”, “үүрдэг бурхан”/ очиж оролцоод буцаж явахдаа галт тэргэнд Морин хуурын чуулга байгуулъя гэсэн санаагаа ярилцсан юм билээ. Ингээд 1992 оны 12-р сарын 9-нд хүүхдүүдээ бэлдэж эхлээд, 1993 оны 4-р сарын 16-нд Дуурь бүжгийн Эрдмийн театрт нээлтийн анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Морин хуурын чуулга байгуулагдсан нь Монголын үндэсний урлагт шинээр орж ирсэн үндэсний хэв шинжит найрал хөгжмийн бүрэлдэхүүн болж байсан юм. Тэр утгаараа бид жил бүрийн 4-р сарын 16-ны тоглолтоо “Novel melody” /Шинэ аялгуу/ гэсэн нэршил дор зохион байгуулдаг нь дэлхийн орчин цагийн хөгжмийн хэллэг даяаршин нийтлэг болж байгаатай холбоотой. Тиймээс энэ тоглолтын үеэр Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын орчин цагийн бүтээлүүдээс урын сандаа шинэлэг байдлаар нь оруулж ирдэг онцлогтой.

Морин хуурын чуулга нь өөрөө монгол хүн бүрт хамаатай. Яг шагнал авсны дараа Үндэсний их театрын найрал хөгжим, миний багшийн амьдралын гараагаа эхэлсэн тэр хөгжмийн ангиас залгаж баяр хүргэсэн. Ингэхдээ “Бид энэ шагналыг өөрсдөө авсан юм шиг баярлаж байна. Та бүхэн үнэхээр хүчтэй, нэг цул, сайхан хамт олон байж чадсан, та бүхнээр маш их бахархдаг. Бид ч мөн маш их хичээх ёстой” гэж хэлсэн. “Энэ шагнал өв тээгч хэн бүхэнд хамаатай. Энэ бол Монголын төр түүхэндээ хөгжмийн урлагийнханд өгч байгаа хамгийн том хүндэтгэл шүү. Та нарын ч шагнал” гэж би хариуд нь хэлсэн. Энэ бол маш гоё харилцаа. Бид энэ өв соёлоо дэлхийн бусад оронд сурталчлах, хөгжүүлэх далд фронтын үнэнч нөхөд юм. Тэр мэндчилгээ их зүйлийг бодогдуулсан. Аргагүй, миний багш тэр найрал хөгжмөөс “үүссэн”. Тэр найрал хөгжимд боловсорсон хүний оюун сэтгэлгээ явсаар байгаад энэ хуурын чуулгыг байгуулсан гавьяатай. 


-Танай чуулгын урын санд зөвхөн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд байдаггүй. Дэлхийн сонгодгуудыг ч хөрвүүлэн багтаасан байдаг. Одоо нийт хэчнээн уран бүтээл байна вэ?

-Олон хэлбэрээс хөрвүүлсэн бүтээл маш их бий. Морин хуурын чуулгад тухайлан зориулсан 200 гаруй уран бүтээл урын санд маань бий. Монголын хөгжмийн зохиолчид нэг хэсэг зөвхөн симфони оркестр, ардын найрал хөгжимд зориулж бичдэг байсан бол одоо морин хуурын чуулгад зориулж бүтээлээ бичдэг болж байна.

Яг морин хуурын чуулгад зориулсан бүтээлийн 90 гаруй хувийг Н.Жанцанноров багшийн бүтээл эзэлж байгаа юм. Түүний хувьд төрийн хошой шагналыг морин хуурт зориулсан бүтээлээрээ авсан шүү дээ. Морин хуурын чуулгын эгшиглэгээний эрхэм хүмүүн Жанцанноров багш нэгэн ярилцлагадаа, “Би дуурь, симфони гэх мэт хөгжмийн урлагийн хамгийн том хэлбэрийг бичих тэр бүхий л цаг хугацааг Батчулуун найзынхаа “тушаалаар” морин хуурт зориулсан уран бүтээл туурвихад зориулсан” хэмээсэн байдаг. Тэр яалт ч гүй үнэн л дээ. Морин хуурын чуулга, монгол хөгжим ийм байхад үнэхээр том цензур тавьсан гайхалтай хөгжмийн зохиолч.

Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж зэрэг аугаа хүмүүсийн хөгжмийн бүтээлүүд өнөөдөр бидэнд маш том зэвсэг болж байна. Мөн дэлхийн бусад орны том хөгжмийн зохиолчдын ойлголтод Морин хуурын чуулга нэлээд сайн төлөвөө олсон найрал хөгжим болсныг бид баталж байгаа гэж ойлгож болно. Энэ найрал хөгжмийг байгуулахдаа анхнаасаа хөрвөх чадварыг төв болгож бүрэлдэхүүн зэмсгүүдээ сонгосон нь учиртай. Өрнийн болоод дорнын хөгжмийн зохиолчид ч Морин хуурын чуулгад зориулж хөгжим бичвэл бид тухайн бүтээлийг бүрэн илэрхийлж чадахуйц тийм хэмжээний найрал хөгжим болж чадсан гэдгийг бахархалтайгаар баталсаар байх болно.

-Танай хуурын чуулга нь хөгжмийн зохиолчдын бүхий л хэлбэрт зориулж хөгжимдөхөөс гадна аялан тоглолтоор очсон орнуудынхаа онцлогийг шингээсэн бүтээлүүдийг сонгон толилуулдаг нь үзэгчдийн таалалд их нийцдэг байх?

-Тэгэлгүй яахав. Бусад орны хөгжмийг шимтэн сонсогчдод сайнаар хүрэхийн тулд тухайн улс үндэстний өөрсдийнх нь бахархал болсон бүтээлүүдийг бид бас хөгжимддөг. Ер нь морин хуурын чуулгад ямар ч төрөл жанрын бүтээлийг хөгжимдөх өндөр ур чадвартай уран бүтээлчид байгаа нь хамгийн чухал зүйл. Бид морин хуур хөгжмөөрөө, Морин хуурын чуулгаараа дэлхийн бусад оронд Монголоо сурталчлахаас гадна монгол хүний чадамжийг давхар ойлгуулах үүрэгтэй хүмүүс. Японы алдартай хөгжмийн зохиолч Үмэбаяши хэлэхдээ “Би дэлхийн том том найрал хөгжмөөр бүтээлээ хөгжимдүүлж байсан. Гэхдээ танай чуулга 30 гаруйхан хүнтэй мөртлөө тухайн хөгжимд юу өгүүлж байгаа нь миний зүрхэнд шууд мэдрэгдэж байна. Тэгэхээр монгол хүний чадамж, бүтээл нь өөрөө хүчтэй юм” гэж хэлсэн. ...Ийм байлгахын тулд бид улам л хүчтэй байх ёстой гэж ойлгож байгаа.

...Морин хуур ганцхан монгол хүний сэтгэл биш юм билээ. 1998 оны намар Морин хуурын чуулгын залуус Фукуока хотын концертын их танхимд тоглосон юм. 1300 хүний суудалтай энэ танхим дүүрэн байхад хүнгүй юм шиг л чив чимээгүй. Хөгжим дуусахад аадар буув уу гэлтэй алга ташилт нижигнэсэн. Хамт суусан Японы их дэлгүүрүүдийн “Парко” сүлжээний ерөнхийлөгч Ямада “Сэтгэлд төдийгүй ясанд хүрч байна” гээд нулимсаа арчсан. Ямада хожим нь Соёлын төвдөө морин хуурын сургууль байгуулсан юм. Морин хуурын чуулгынханд Японд очоогүй газар, тоглоогүй танхим цөөн үлдсэн. Манай хуурчдыг дагаад хаа очсон хот бүрт нь тоглолтыг нь үздэг фэнүүд бий болсон шүү”                                                                                                           /Элчин сайд асан С.Хүрэлбаатар/.

-Морин хуурын чуулга дэлхийн олон оронд, бас алдартай том тайзууд дээр хөгжимдлөө. Тэр дундаас Японд хамгийн олон тоглолт хийсэн байдаг юм билээ?

-Морин хуурын чуулга 1996 оноос гадаад аялан тоглолт хийсэн байдаг. Дэлхийн 30 гаруй оронд 640 гаруй тоглолт хийсэн гэх тоо баримт бий. Үүний 50 хувийг нь Японд хийсэн гэж ойлгож болох юм. Японд нэг удаа очихдоо бид 11-16 удаагийн тоглолт хийдэг юм. Японд хийсэн тоглолтууд бараг бүх алдартай театрт нь тоглосон байх шүү.

Ер нь манай чуулга Берлиний филармони, Москвагийн Большой театр, Бээжингийн Сувдан театр, Токиогийн “Сантори холл”, Нью-Йоркийн “Карнеги холл” зэрэг олон том театрт тоглосон хэдий ч 2019 онд Мариинскийн концертын танхимд тоглохдоо бид маш их болгоомжилж байсан. Учир нь Мариинскийн концертын танхимд нэг ч язгуур урлагийн болоод ардын найрал хөгжим тоглуулж байгаагүй бөгөөд анх удаа манай чуулга тоглосон. Тоглолтын дараа концертын танхимын дарга нь “Та нар миний эргэлзээг тайллаа. Асар том эрсдэл хийлээ гэсэн миний бодлыг үгүйсгэж өглөө. Гайхалтай тоглолт байна. Та бүхнийг дахин ирэхэд манай үүд хаалга байнга нээлттэй шүү. Маш их баярлалаа гэж монголчуудад дамжуулаарай” гээд баяртай үлдсэн дээ. Нэг хүний чихэнд, сэтгэлд хүрсэн тэр үнэлэмж бидэнд маш том хүндэтгэл болсон юм.

Мариинскийн театрт тоглосноос хойш ур чадварын хувьд маш өндөр формтой, хөтөлбөрийн хувьд ч нэг үндсэн форматаар төгс гэж ойлгож болохуйц хөтөлбөр боловсруулснаа Сиднейн Дуурийн театр, Францын Версалийн хааны ордны дуурийн театр, Японы Эн эйч кэй холл, Шанхайн симфони оркестрын танхимуудад тоглож хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Францад очиход Парис хотод манай төрийн далбаа хаа сайгүй байсан. Төрийн далбаагаа харахаар монгол хүн маш их баярлаж, огшдог юм билээ. Тэр нь бидний сэтгэл зүйд асар их нөлөөлж, тоглолтыг илүү эрч хүчтэй болгож чадсан болов уу. Версалийн хааны ордны дуурийн театр 500 жилийн түүхтэй юм билээ. Уг театрын ханаас эхлээд бүгдийг нь үзсэн. Аргагүй нэн эртний өндөр соёлын гэрч юм билээ. Тэнд жилд дөрвөн удаа л арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн дөрвөн арга хэмжээний нэг нь Морин хуурын чуулгын тоглолт байлаа. Үнэхээр гайхалтай.

Морин хуурын чуулга маань бусад театрын тавьж буй шаардлагыг хангах хэмжээнд хүрсэн гэж ойлгож байгаа. Цаашдаа хийх ажил маш их байгаа учир дараагийн ажлуудаа төлөвлөх хариуцлагатай ажил бидний ард байна.

-Гадаадын томоохон театрын тайзнаа тоглоход үзэгчид ямар бүтээлийг нь илүү их таашааж байна вэ?

-Маш чухал асуулт байна. Монгол бүтээлийг илүү их таашаадаг. Яагаад гэвэл, дэлхийн энэ их хөдөлгөөн хүнийг маш их туйлдуулж байх шиг. Гэтэл хүн гэдэг амьтан аз жаргалтай байхын тулд амар тайван байх ёстой гэдэг ойлголтыг л эн тэргүүнд тавьдаг болсон юм байна. Тэрнээс үүдэн гүн бодлогошролын хөгжимд илүү дуртай байгаа нь анзаарагдсан.

Биднийг гадаадад тоглолт хийгээд гарч ирэхэд үзэгчид хөтөлбөрөө бариад үүдэнд хүлээгээд зогсож байдаг. Гараад ирэнгүүт зураг авахуулна, асуулт асууна. Асуултууд нь голчлон “энэ хөгжмийг дахин сонсохын тулд хаанаас, яаж сонсох боломжтой вэ” гэх жишээний. Асуусан хөгжмийг нь дурдвал, Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим, Н.Жанцанноровын “Цагаан суварга”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн адажио гэх мэт. Манай хөгжмийн зохиолчдын бүтээл динамикийн хувьд сэтгэл хөдлөлийг маш ойр ойрхон илэрхийлдэг. Хөөрөх, буцаад байрандаа ирэх давлагаа маш их мэдрэгдэнэ. Огцом огцом хувирах темптэй. Үүгээрээ хүртэл дэлхийд ялгарч байна гэдэг нь монгол хөгжмийн том онцлог юм. Гадаадын хүмүүс заримдаа “Бид зөвхөн монгол хөгжим л сонсмоор байна. Тэр нь илүү сонирхолтой байна. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл та нарыг бидэнд илүү ойртуулж ойлгуулж байна” гэдэг. Зөвхөн морин хуурчид л суугаад татлага татахад гадаадын үзэгчид сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрч байгаа нь мэдрэгддэг. Үнэхээр сонин. Рок хөгжмийн суурь нь магадгүй энэ байх вий гэж хүртэл ярьж байлаа. Манай уламжлалт морин хуурын татлага нь сайн анзаарах юм бол яг тийм байхгүй юу. Өвөг дээдэс маань үнэхээр нандигнамаар, асар их өв үлдээсэн юм байна.


-Гадаадаас хамтран ажиллах, уран бүтээл хийх санал их ирдэг үү?

-Сүүлийн үед их ирж байна. Японы хөгжмийн зохиолчийн 2016 онд ирүүлсэн “Хубилай хаан” нэртэй бүтээл бий. Бид энэ бүтээлийг Японы ахлах сургуулиудын аварга болсон үлээвэр найрал хөгжимчидтэй хамтарч тоглож байсан юм. Японы хэд хэдэн орны хөгжмийн концерт зохион байгуулдаг компаниудаас санал ирж байгаа. Миний дээр дурдаж байсан Японы хөгжмийн зохиолч Үмэбаяши өөрийн бүтээсэн киноны хөгжмүүдээр манай чуулгатай хамтарч бүрэн хэмжээний тоглолт хийх төсөл яригдаж байгаа. Бүх киноных нь хөгжмийг манай чуулгынхан хөгжимдөх юм гэж ойлгож болно. Японы бас нэг хөгжмийн зохиолч саяхан хоёр бүтээл ирүүлснээс гадна Америкийн Сиэтл хотын оркестрын нэг удирдаач “Монголын нэг өдөр” гэсэн бүтээл туурвиснаа ирүүлсэн. Америкийн индиан гаралтай хөгжмийн зохиолч нэг бүтээл бичиж байгаа, биднээс болох уу гэж асуухад нь 100 хувь нээлттэй гэж хариулсан. Гэх мэтээр бидэнд хандсан бүтээлийн санал цаашид үргэлжлэх нь дамжиггүй.

Өнгөрсөн цаг хугацаанд бид өөрсдийгөө таниулах, нээх, чадавхжуулах тэр бүх боломж руу зорьсоор ирсэн. Цаашдаа ч нээлттэйгээр хамтран ажиллах, хамтдаа хөгжих бүхий л боломж бидэнд нээгдэж байна гэж харсан. Хамгийн гол нь цензуртэй, шаардлага өндөр, тэгээд уламжлалаа алдахгүйгээр хамтрах л чухал юм.

...НҮБ-ын байранд, чуулганы танхимд, дэлхийн лидерүүд үгээ хэлдэг ногоон гантиган индэр дээр Морин хуурын чуулга гоцолж, Монголын уран бүтээлчид тоглолт хийлээ. Үндэсний хөгжмийн найрал нь НҮБ-ын танхимд тоглосон анхны тохиолдол, анхны улс нь Монгол боллоо. Тайзан дээр морин хуурын найрал Монголынхоо болон дэлхийн сонгодгуудыг эгшиглүүлж, танхимд улс орнуудын дипломат төлөөлөгчид бас л “найрал”-аар “Wow” хэмээн бахдан биширснээ уулга алдсан үнэхээр гайхалтай, сүрлэг тоглолт болсон юм. Тэнд бидний монголчууд хоёрхон чавхдасаараа хорвоог уяраах хосгүй чадалтай морин хуурынхаа гайхамшгаар бахархаж, монгол хүн болж төрсөндөө омогшиж, заримынх нь аньсага чийгтэж суухад, Нью-Йоркт удаан амьдарсан зарим нь “эх орноо, гэрээ саначихлаа, харина аа” хэмээн үнэн сэтгэлийнхээ үгийг барьж чадалгүй унагаж байв. Монголчууд ээжтэйгээ хүйн холбоотой. Тэгвэл эх оронтойгоо ч хүйн холбоотой бөгөөд үүнийг хамгийн тод мэдрүүлдэг нь морин хуур хэмээх гайхамшигт хөгжим болохыг танхимд суусан хөх толботой хүн бүр тэр үдэш мэдэрсэн биз ээ.                                                                                                      /Сэтгүүлч Г.Отгонбаяр. 2011.10.27. Нью-Йорк/ 

-Морин хуур хөгжмийн дуугаралтыг гаднын хүмүүс юу гэдэг бол. Яг үнэндээ морин хуур хөгжим маань гадаадад буй монголчуудад монгол аялгууг нь хүргэхээс гадна гадаадынханд зориулж тухайн хөгжмийн хүч чадал, хөгжимчдийн чадвар чансааг харуулж таниулах хэрэгсэл болдог гэхэд нэг их зөрөхгүй байх. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гайхалтай л гэдэг юм. Акустиктай концертын танхимд бүх эгшиг нэгэн жигд сонсогдож байж л жинхэнэ гайхалтайг нь мэдрүүлнэ шүү дээ. Бид хаана ч микрофон хэрэглэдэггүй. Зөвхөн гоцлооч хөгжимдөх үед л түүнд микрофон хэрэгтэй үгүйг тухайн цаг үед ярилцан шийднэ. Морин хуур нь өөрөө хэчнээн зөөлөн дуугаралттай ч акустик зөв театрт бол бүх эгнээнд сууж байгаа сонсогчдод маш сайн сонсогдох тийм л онцлог тембртэй хөгжим.

Сая Францын Нант хотын консерваторт болсон тоглолтод морин хийл хөгжмийн багш нь оюутнаа авчирч бидэнтэй хамтран хөгжимдүүлсэн. Тэр хүн сонсоод, бүр гайхаад, тайз руу ойртож ирж сонсоод байсан. Хийц нь тэс өөр, хоёрхон чавхдастай хөгжим морин хийл хөгжимтэй төстэй тембр гаргаад байхаар гайхсан ч байж мэдэх юм. Энэ талаар лавлаж асуух нь миний хувьд илүүц гэж бодсон.


-Морин хуур хөгжим бол амьтай гэж ярьдаг хүний нэг Та... Үүнийгээ тайлбарлаач?

-Амьд адууны сүүлнээс туг тугаар нь авч, 360 хялгасын нийлэмжээр дуу авиа гаргаж байгааг л хэлээд байгаа юм. Дуу нь цаанаа л нэг өөр хөгжим шүү дээ. Мишигийн Цэдэндорж найрагч

“Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасанд багтаадаг

Хосгүй нэгэн овогтон Азийн цээжинд нутагтай”

гэж зүгээр ч нэг хэлээгүй байх аа. Өргөн их уудам нутаг, уул ус, байгаль дэлхий, араатан, жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлж, амьдлаг мэт ойлгуулах болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлж байгаа юм. Морин хуур бол энэ түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ.

Морин хуур нь хананд өлгөдөг сувенир маягаар ойлгох гэрийн гангараа бол биш. Морин хуурыг амьдлаг гэж яриад байгаа нь дээдлэх, хүндлэх ойлголтыг л хэлээд байгаа юм. Гэрт хуур байх нь өөрөө тусдаа дэгтэйг хүн болгон мэдэх хэрэгтэй. Наад зах нь тоосгүй байлгах гэдэг нь өглөө бүр тоосыг нь арчих хэрэгтэй. Хэдий хуурддаг хүн тэр айлд байхгүй байлаа ч Цагаан сараар шинийн нэгний өглөө гэрийнхээ тотгон дээр хуураа тавьснаар “салхиар хөглөгдлөө” гэсэн итгэл үнэмшилтэй байх. Гэх мэт ойлголтуудыг л “амьдлагтай” холбоод байгаа юм. Энэ нь монголчуудын философи сэтгэлгээтэй шууд холбоотой.

-Та хэдийгээр чуулгадаа өөр үүрэгтэй ч хуураа үе үе “барьж авч”, хуурдана биз дээ?

-Хөгжимчин хүн нэг өдөр хөгжмөө барихгүй бол өөрт, хоёр өдөр барихгүй бол дэргэдэх хүнд, түүнээс цааш бол бусдад мэдрэгдэнэ гэдэг. Хөгжимчний “зэврэл” маш хурдан явагдана. Их эмзэг мэргэжил шүү дээ. Маш олон жил хөдөлмөрлөж байж энэ зэрэгт хүрнэ, харин дадлаа алдахад маш амархан.

Би бол хуурдахгүй хэд хоночихоор баримаар санагдаад “санаад” байдаг. Хөгжим хүнийг тэгж татдаг. Сая бид Япон яваад ирлээ шүү дээ. Жанцанноров багшийн нэрэмжит Японы морин хуур сонирхогчдын уралдаан болсноос гадна багшийн “Монгол аялгуу” тоглолт арав гаруй жил тоглогдож байгаа. Би анх удаа энэ тоглолтод оролцлоо. Ангийн анд, Дэлхийн морин хуурын холбооны ерөнхийлөгч байсан А.Бат-Эрдэнэ найз маань зориуд намайг дуудаж, том “шалгалтад” орууллаа. Найз маань Түвшээг хуурдуулна гэсэн. 16 жил хуур бариагүй хүн яаж мэргэжлийн тийм тайзан дээр хуурдах вэ гэж айж байсан. Хичээлээ. Миний хөгжимдөж байх үеийг мэддэг хүмүүс нулимс дуслуулсан, таны өнгө, хуруу хэвээрээ байна гэж магтаж байсан. Урам өгч л байгаа байх. Батчулуун багш маань надад “Миний хүү, хуурнаасаа л холдож болохгүй. Айлын найран дээр хойморт суулгадаг хөгжим шүү“ гэж хэлж байсан. Бас “Хүнд хэцүүг даваад гарсан өөртөө байгаа ололтыг битгий гээгээрэй” гэсэн сургаалыг найз маань энэ тоглолтоор сануулж өглөө. Тэгж их сэтгэл гаргасанд найздаа би үнэхээр их баярлалаа.

-Багш тань таныг өөрийгөө залгамжилна, чуулгаа тараахгүй аваад явж чадах хүн гэдгийг эртнээс таньж, таныг бэлдсэн. Чуулгадаа үнэхээр итгэлтэй сайн шавь нар бэлтгэж үлдээсэн нь өнөөдрийн амжилтуудаас тодорхой харагдаж байдаг?

-2007 онд Японд явж байхад бэлтгэлийн үеэр багш гэнэт намайг удирд гээд шууд дуудаад гаргачихсан. Монголд ирчихээд удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав багшид хадаг бариулж шавь оруулсан. Хоёр жил шавь сургалтаар суралцсан даа. Мэргэжлийн урлагийн байгууллагад хүмүүст юу сонсгох, оюун санааг хаашаа эргүүлэх вэ гэдэг балансыг барьж буй уран сайхны удирдагч гэх албан тушаал бий. Түүнээс гадна ерөнхий удирдаач байна. Энэ бол асар том багийн ажил шүү дээ.

Морин хуурын чуулгын үнэт зүйл нь хамт олны уур амьсгал, аливаа бүтээлд хандах хандлага. Үүнийгээ л баримталж явна. Багш маань өөрөөрөө бидэнд үлгэрлэж ирсэн. “Амьдралаас сурах зүйл их шүү. Цагийн юмыг цагт нь хий, хурдтай бай. Өөрийгөө дайчил, өөрт байгаагаа гарга” гэж байнга хэлдэг, урмыг харамгүй хайрладаг хүн байсан.

Манайхан гадагшаа дотогшоо ажил амьдралын мөр хөөн явснаар хамтдаа чуулга байгуулалцсан шавь нар нь цөөрч, шинэчлэгдэж байх тэр нэгэн цагт багш маань “Байгуулсан зүйлээ өөрсдөө нураах шиг гутамшиг байхгүй” гэх хатуу үгийг нүдэндээ нулимстай хэлж байсныг ямагт санаж явдаг. Тэгээд ч өдийг хүртэл хамтдаа зүтгэж ирсэн журмын нөхөд минь байнга түшиг болж байна.

Би Герман руу хоёр ч удаа, сургуульд сурах, ажиллахаар, мөн Япон руу Осакагийн Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчоор сурахаар явах болоход багш явуулаагүй. “Чамайг явчихвал байгуулалцсан энэ зүйл чинь юу болох вэ, би чамайг явуулахгүй байж чадна” гэж хатуу хэлж, зогсоосон. Одоо бодоход багшийн хэлсэн тэр хатуу үгэнд л үнэнч байна. Амьдралд багшийгаа дагаснаар, хуурын чуулгад орсноор өөртөө асар их баялаг, бахархал бий болгож чадсан. Эд агуурсаар бол энэ урлаг, энэ мэдлэг чадвар хэмжээлшгүй баялаг шүү дээ.

...Францад байхад надтай хамт ажилладаг байсан ах надад цомог өгсөн юм. Би тэр аяыг сонсоод онцгой зүйл мэдэрсэн. Энэ яг л миний явах ёстой зам гэж ойлгосон гэх үү дээ. Тэгээд л морин хуур тоглож сурахаар шийдсэн. Би өмнө нь том компанид ажилладаг байлаа. Намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс баян, мөнгөнөөс өөр юу ч хэрэггүй гэсэн бодолтой хүмүүс байсан. Харин морин хуур, энэ язгуур соёлтой учирсны дараа намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс огт өөр болсон. Илүү байгальтай ойрхон, нээлттэй, бясалгал хийдэг, экологийн тухай боддог гэх зэрэг. Энэ бүхэн намайг огт өөр төвшинд аваачсан. Морин хууртай учрахаас өмнө би зөвхөн нэг өрөөн дотор л байсан. Харин морин хууртай учирсны дараа өрөөний хаалга нээгдсэн юм шиг болсон. Морин хуур бол миний амийг аврагч.                                                                                                /Францын иргэн Стив Морел/ 

-Удирдаач хүн гарын хөдөлгөөнөөрөө тэр олон хөгжмийг маш нарийн зохион байгуулалтад оруулдаг чухал мэргэжил санагддаг?

-Удирдаач хүний эрдэм нь гартаа, бас тархиндаа оршдог гэдэг. Удирдаач бол хөгжмийн бүх зүйлийг бусдаас илүүгээр мэдэрч, тэрхүү хөгжмийн юу өгүүлэхийг голлон найруулдаг хүн гэж хэлж болно. Маш өндөр мэдрэмж шаарддаг мэргэжил.

Хөгжмийн бүтээл бол зүгээр ноот эвлүүлээд, энэ гармони ингэж дуугардаг гээд тавьчихдаг юм биш. Удирдаач хөгжмийн зохиолчдын зохиосон бүтээлийн ноотыг төв болгон, түүнийг амьтай болгох чухал үүрэгтэй. Зохиолын өгүүлэмжийг бодож, задалж, тэнд тэр хөгжимд тухайн илэрхийлж буй хөгжмийн зэмсэг болон тоглоочоос юу шаардагдах ёстойг төлөвлөгч юм. Жишээлбэл, “Хэнтийн өндөр ууланд”... Сонсогчдод байгалийн сайхныг, тэр өндөр уулсыг мэдрүүлэхийн тулд тэр төсөөллийг нь бүрэн төрүүлж, түүгээрээ дамжуулж бүрэн мэдрэмж авах тэр нөхцөлийг бүрдүүлдэг үүрэгтэй гэж хэлж болно. Найрал хөгжимд байгаа бүх хөгжмийн зэмсэг өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Хөгжим нэг бүрийн дуугаралт, нийцлийг нэг болгох, тархиндаа боловсруулах, бүгдийг төв барих, юу өгүүлэх ёстой өгүүлэмжийг төгс бүрдүүлж, удирдан зохион байгуулдаг хүнийг л удирдаач гээд байгаа юм.

Удирдаач бол асар их ядардаг мэргэжил. Тоглолтын үеэр байнга зогсдог хэдий ч хамгийн гоё цэгээс хөгжмийг хүртдэг азтай хүн. Удирдаачийн зогсдог байрлалд бүх хөгжим жигд сонсогддог. Үзэгчдийн хэзээ ч авч байгаагүй кайфыг удирдаач л авдаг нь үнэн. Тэнд асар их хүч мэдрэгддэг газар. Би нэг удаа туршилт хийж, үзэгчдийн суудлаас хүүхэд, ахмад настан, залуучуудыг гаргаж ирж яг тэр байрлалаас сонсгож үзүүлсэн. Тэгэхэд бүгд л гайхалтайг нь мэдэрснээ хэлж байсан. Нэг залуу бүр гар нь чичрээд байсан. Намайг хүмүүс нүдээ аньдаг гээд байдаг юм. Яг үнэндээ шалтгаан нь бид нэгэнт тэр хөгжмийн боловсруулалтаа бэлтгэлийн үеэр хийчихсэн учраас хөгжимдөө уусаж нүдээ анихад буруу байхгүй гэж би боддог. Тэгээд ч энд нэг зүйлийг хэлэхэд, удирдаач бол жүжигчин биш гэсэн хатуу онол бий. Тухайн хөгжим сонсогчдод тайзнаас эгшиглэж буй тэр хөгжим үнэхээр зөв мэдрэмж өгч чадсан эсэх л удирдаачийн хийсэн ажлын үр дүн.


-Та бас хөгжмийн найруулга хийдэг шүү дээ. Найруулга хийх анхны даалгавраа багшаасаа тун хүндэтгэлтэй авсан гэх юм билээ?

-Хамгийн анх 1994 онд Булган багшийн хоёр дууг найруулаад өгөхөд их тоосон. Ер нь мэр сэр найруулга хийгээд явдаг байлаа. Японд 2007 онд тоглолтоор явж байхдаа багшаасаа гэнэт “хадагтай” даалгавар авсан. Номыг нь, ноотыг нь хадгаар ороосон байсан юм. Багш Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн ноотыг Ц.Нацагдорж гуайн эмхэтгэснээр надад өгөхдөө доторх хуудсанд нь “Эрхэм шавь Түвшинсайханд. Үүнийг эрдэнийн чулуу болгож өгнө үү” гэж бичсэн байсан.

Би хэчнээн хөгжмийн найруулга хийснээ саяхан нэг тоолж үзсэн. Дотоод, гадаадын дан хөгжмийн болон дууны 3000 гаруй бүтээлийг хөрвүүлж найруулсан юм билээ.

-Морин хуурын чуулгыг өргөжүүлэх тухай сая шагнал авах үеэр Ерөнхийлөгч хэлсэн. Энэ нь танай чуулгын цаашдын зорилго байх, тийм үү?

-Миний багшийн мөрөөдөл бол чуулгаа бүрэлдэхүүний хувьд өргөжүүлж, найрал хөгжмийн хэмжээнд болгох байсан. Морин хуурын чуулга гэдэг нь угтаа бол байгууллагын л нэр шүү дээ. Харин цаашид Морин хуур чуулгын Морин хуур найрал хөгжим болгох тухай л асуудал юм.

Хөгжимчин хүн бүрийн мөрөөдөл бол хөгжмийн жинхэнэ цэвэр дуугаралттай, акустик сайтай тайзан дээр хөгжимдөх юм даа. Морин хуурын чуулгынхан морин хуурынхаа ач буянаар бүхий л том тайзан дээр гарч хөгжимдсөнөөр энэхүү мөрөөдлөө биелүүлсээр яваа. Бид багшийнхаа чанадын мөрөөдөл байсан Сиднейн дуурийн театрт тоглосноор мөн өдий хэмжээний амжилт бахархлын төрүүлж байгаагаараа багшийнхаа мөрөөдлийг ч гэсэн хамтад нь биелүүлж яваа гэж ойлгож байгаа. 

Related news