ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий, Хужирт сумыг холбох авто замын гүйцэтгэл 36 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-11 14:09:45

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Бат-Өлзий, Хужирт сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Моторсервис ХХК, Өндөрсант Хайрхан ХХК-тай гэрээ байгуулж, 49 км авто замыг 48.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлж байгаа юм. Одоогоор авто замын ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна.


Моторсервис ХХК нь Бат-Өлзий сум талаас 28 км.т ажлыг эхлүүлсэн бөгөөд 30.6 метрийн урттай хоёр төмөрбетон гүүрийг тавьж, 31 цэгт хоолой угсарч, 285000м3 газар шорооны ажил хийгээд байна. Мөн Өндөрсант Хайрхан ХХК нь Хужирт сум талаас 21 км.т ажлыг гүйцэтгэх ба 32 цэгт хоолой угсарч, 255000м3 газар шорооны ажил хийн 10 км-т асфальтобетон хучилт авахад бэлэн болгожээ.


Хоёр сумыг авто замаар холбосноор Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд, Хужиртын рашаан сувилал, цаашлаад Хүйсийн найман нуур, Архангай аймгийн ойролцоох үзэсгэлэнт газруудыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал хөгжинө хэмээн үзэж байна.


Гэрээнд тусгаснаар замын ажлыг 2025 оны намар дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах ёстой ч энэ зун тэмдэглэн өнгөрүүлэх Бат-Өлзий сумын 100 жилийн ойг угтан ажлын ихэнхийг “нугалахаар” зорьж байгаа аж.

Related news