Өвөрмөц шийдэл, бүтээлч санаа, хөдөлмөрч занг шингээсэн “Монголын сайхан бичигтэн”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-11 18:19:23

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг уламжлалт “Монголын сайхан бичигтэн” уралдаан 27 дахь жилийнхээ нүүрийг үзэж шилдгүүдээ тодрууллаа. Анх удаа олон улсын чанартай болж өргөжсөн энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс гадна БНЧУ, Япон, БНХАУ-ын ӨМӨЗО-ы бичгийн эрдэмтнүүд бүтээлээ сойсон юм. Нийт 1650 орчим хүн өөрийн ур ухаанаа шингээсэн бүтээлээ ирүүлснээс Уран зургийн галерейд шүүгчдийг шалгуурыг давсан, өвөрмөц шийдэлтэй, бүтээлчээр хандсан, олны анхаарлыг татахуйц 80 бүтээлийг дэлгэж, олны нүдийг хужирлаж байна.


“Монголын сайхан бичигтэн” уралдаан, үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин болон монгол хэл, шинжлэлийн эрдэмтэн мэргэд, босоо бичгээ эрхэмлэн дээдлэгч, өвлөн уламжлагч, багш суралцагчид оролцсон юм.


Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн дарга Э.Содонтогос шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болон шилдэг бүтээлийн үзэсгэлэнг бахархал, хүндэтгэлтэйгээр албан ёсоор нээж байна. Энэ жилийн “Бүтээлийн ангилал”-д мод, шил, торго, арьс, хулс, эсгийгээр урласан олон сайхан бүтээл иржээ. Өсвөр насныхан маань босоо монгол бичгээ сурч эзэмших, сургах үйлс өрнүүн байгаагийн нэгэн жишээг онцлон дурдахыг хүсэж байна” гэв.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ “Босоо монгол бичгээ хүндэтгэн анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ удаагийн уралдааны отгон оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 101 настай Жигмэдсүрэн гуай байсан гэж дууллаа. Энэ нь монгол эх бичгээ иргэн бүр дээдлэн дэлгэрүүлж  байгаагийн тод илрэл юм. Өнгөрсөн жил манай улсад айлчилсан Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис “Босоо монгол бичиг шигээ босоо заяатай ард түмэн” гэж манай ард түмнийг үнэлсэн. Монгол хүмүүний оюун санааны дархлаа, монгол бичиг соёл даян дэлхийд түгэн дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор монгол бичиг, соёл түгэн дэлгэрэх болтугай” хэмээн онцлов.


Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, улс үндэстний оршин байх дархлаа болсон монгол хэл, бичгээ олон нийтэд таниулах, өвлөн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье. Монгол хэл, бичиг, түүх, соёл сэтгэлгээг Монгол Улс төр засгийн бодлого, үзэл баримтлалынхаа төвд байлган өвлүүлэх, хөгжүүлэх, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсээр ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаараа “Монгол хэлний тухай хууль”-ийг нэгдсэн зохицуулалтаар хангах Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд 2025 оноос эхлэн Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөр”-ийн биелэлтийг ханган ажиллаж байна. Эх сайхан бичгээрээ уншиж, бичигчдийн тоо илүү олон болох болтугай” хэмээлээ.


Түүнчлэн Соёлын сайд Ч.Номин ярихдаа “Энэ уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Соёлын яам, БШУЯ-аас хамтарч, дэмждэг уламжлалтай. Гадаадаас сайхан бичигтнүүд оролцож байгаагаас гадна бүтээлээ сойх хүний тоо улам олон болж буйгаа онцлогтой. Бас оролцогчид залуужиж байна. 2025 оноос хос бичигтэн улс болно. Төрийн бичгээ монгол бичгээр үйлдэх юм. Тиймээс энэхүү уралдаан монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд, олонд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгааг дурдмаар байна. Ер нь монгол хүн бүр өв тээгч байдаг. Босоо бичиг бол бидний соёлын өвийн хамгийн том жишээ юм. Бас биднийг дэлхийд онцгойруулдаг өв учраас хүн бүр босоо монгол бичгээрээ бичдэг байгаасай, залуус маань үүнд суралцах нь чухал” гэв.


Энэхүү уралдаанд жил бүр сонин, содон, анхаарал татахуйц бүтээл олноороо ирдэг. Энэ жилийн хувьд Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” сургуулийн долдугаар ангийн сурагч З.Монголжингоогийн “Очирваань”, “Этүгэн” хэмээх хос бүтээлийг нэрлэж болно. Тэрбээр нутгийнхаа их хайрхны нэрийг бийрээр бичиж, хамгийн нарийн торгон утсаар зүүн ороож хоёр сарын хугацаанд урлажээ.


Түүнчлэн оюуны эрх чөлөө хязгааргүйг нотлон ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангийн хүмүүжигчид анх удаа бүтээлээ илгээсэн бөгөөд тэд уран зураг, эсгий урлал, зүүх ороох, зоосон ширээний сүлжмэлээр бүтээлээ урласан байх юм. 407 дугаар хорих ангийн нийгмийн ажилтан, хошууч Н.Удвалцэцэг ярихдаа, “Юун түрүүнд талархал илэрхийлье. 407 дугаар ангийн хүмүүжигчдийнхээ бүтээлийг анх удаа улсын уралдаанд илгээж, том амжилт үзүүллээ. Байгууллага дээрээ жил бүр дугуйлан хичээллүүлж, үр дүнгийн үзэсгэлэн гаргадаг. Энэ жил “Монголын сайхан бичигтэн”-д 15 хүмүүжигчийн бүтээлийг явуулснаас хоёр нь шагналын эзэн болжээ. Цаашдаа энэ амжилтаа бататгаж жил бүр оролцох төлөвлөгөөтэй байна” гэв.


Мөн тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн сурагчдын монгол бичгийн дугуйлангийн сурагчдын “Үлэмжийн чанар” бүтээл олны анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.


Үүнээс гадна Японы иргэн Имазеки Тошикогийн “Чингис хааны энхтайвны бодлого” эсээ онцлох бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Энэхүү уралдаанд тусгай шагнал хүртсэн Шимамүра Шо-гоос сэтгэгдлийг нь сонсоход, “Би Монголд 18 жил амьдарч байна. Монгол бичгийг 10 наснаасаа эхлэн сурсан. Энэ уралдаанд гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Тусгай байрын шагнал хүртсэн уг бүтээлээ хийхэд хоёр хоног зарцуулсан. Ийм уралдаан зохион байгуулдагт би маш их талархдаг. Монголчууд хос бичигтэй болох алхмаа хийгээд эхэлсэн нь сайхан. Үүнийг би дэмждэг. Монгол бичиг бол хэлтэйгээ хамгийн ихээр нийцсэн бичиг үсэг. Монгол бичиг үсгийн үүсэл язгуур болон онцлог нь надад гайхамшигтай санагддаг” гэлээ.


“Монголын сайхан бичигтэн” уралдаан олон талаараа ач холбогдолтой бөгөөд оролцогчдод урам өгдөг болохыг хүмүүс мэднэ. Тухайлбал, “12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан зургаан сурагчийг МУИС, МУБИС-д урилгаар элсүүлж, “Боловсролын зээлийн сан”-гийн 100 хувийн тэтгэлгээр монгол хэл, бичиг, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр суралцах эрхээр шагнасан. Энэ нь тэдний хувьд маш том шагнал болсныг онцолж байлаа.


102 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлаг, 31 настай “Хүмүүн бичиг” сонин уг уралдааныг анх зохион байгуулснаас хойш 27 жилийн түүхэнд 90 гаруй сурагч МУИС, МУБИС-д улсын зардлаар үнэ төлбөргүй суралцан төгссөн байх юм. Энэ жил л гэхэд Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн 12г ангийн сурагч Т.Хонгорзул, Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Ш.Сүнжээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12а ангийн сурагч Т.Цэрэнням нар МУИС-т, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билэг” сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн 12б ангийн сурагч И.Уранцэцэг, Увс аймгийн Улаангом сумын лаборатори 1-р сургуулийн 12д ангийн сурагч Б.Номуунзаяа нар Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болоод нутаг буцлаа.


Тэднийг төлөөлөл болгож, 12 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн  12г ангийн сурагч Т.Хонгорзулаас сэтгэгдлийг нь сонсоход, “Энэ уралдаанд анх удаа оролцож байна. Бүтээлээ нэг сарын хугацаанд хийсэн. “Нүүдэлчдийн өлгий нутгийг сонгож зочлох, аялахын учир” сэдэвтэй эсээгээ бийрээр бичсэн. Зун монгол бичгийн сургалтад сууж, энэ жил заавал “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцох зорилго тавьсан юм. Зорилгодоо хүрч, түрүүлсэндээ маш их баяртай байна. Хэл, бичгийн багш болох мөрөөдөлтэй. Бүтээлээ бичиж байхад маш их төвлөрөл шаарддаг. Нэг л удаа анхаарлаа өөр зүйлд хандуулахад тэрхүү бичиг дуусдаг. Нэг л алдвал хэрэггүй болдог. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Нэг бүтээл бичихэд 2-3 цаг сууж байж гараас гардаг. Үе тэнгийн найз нөхдөдөө хандаж аливаад тууштай байвал амжилтад хүрдэг юм шүү гэж хэлмээр байна” гэсэн.


Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн 12б ангийн сурагч И.Уранцэцэг “Монгол бичгийг зургадугаар ангиасаа сурсан. Наймдугаар ангидаа энэхүү улсын уралдаанд бүтээлээ явуулж байсан ч шалгарч чадаагүй. Харин 11 дүгээр ангидаа тэргүүн байрт шалгарч байлаа. Энэ жил ч мөн тэргүүн байрт шалгарч, МУБИС-д тэтгэлгээр суралцах болсондоо туйлын баяртай байна. Наймдугаар ангиасаа монгол хэл, бичгийн багш болох мөрөөдөлтэй болсон. Тэр цагаас хойш мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ уралдаанд оролцож байгаа юм. Уралдаанд оролцохын тулд гурван сар бэлдсэн. Говийн ноён хутагт Данзанравжаагийн ном бүтээлийг судалж, түүнийхээ талаар зохион бичлэг бичиж хөрвүүлсэн. Ингэхдээ хулсан үзгээр бийрийн тигээр бичсэн. Зургаадугаар ангиас хойш монгол бичиг зааж байгаа Б.Алимаа багшдаа амжилтад хүргэсэнд талархсанаа илэрхийлье” гэв. Уралдаанд оролцсон зарим хүний сэтгэгдлийг хүргэе.


Хан-Уул дүүргийн ахмад настан С.Цэнд-Аюуш: Олон улсын статустай болсонд баярлаж байна

-27 дахь удаагийн уралдаан жил ирэх тусам өргөжиж, хүрээгээ тэлж байна. Босоо монгол бичгийг сурахын тулд их мэрийж, хичээж байгаа өнгө аясыг уралдаанаас харж болно. Үүнд би хувьдаа баяртай явна. Энэ жилээс олон улсын статустай болсон нь бүр талархууштай. Миний хувьд найм дахь жилдээ оролцож байна. 1984 онд хойд хөрш рүү орчуулагчаар явж байсан юм. Тэр үед Эрмитажид намайг уриад “Дорно дахинаас хүн ирээсэй гэж хүсэж байлаа. Таныг ирсэнд баярлалаа” гээд монгол бичиг гаргаж ирээд намайг уншиж өгөхийг хүссэн юм. Гэтэл би монгол бичгээр уншиж чаддаггүй байж. Энэ цагаас хойш монгол бичиг сурахын тулд маш их хичээсэн. Ерөнхийдөө бие дааж сурсан гэхэд болно. Одоо бол алдаагүй бичдэг, чөлөөтэй уншдаг. Цаашид ч монгол бичгээр суралцсаар байх болно. 


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч О.Мандахнаран: 12 дугаар ангийн сурагчийг их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнадаг нь таалагддаг

-Хөвсгөл аймгаас ирж шагналаа гардлаа. Энэ уралдаанд хоёр дахь жилдээ оролцон түрүүлсэндээ баяртай байна. Энэ удаа Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг уран бичлэгээр бичсэн. Бүтээлээ хийхдээ нэг сарын хугацаа зарцуулсан. Соруулдаг үзгээр, бэхээр бичсэн. Энэ уралдаанд түрүүлсэн 12 дугаар ангийн сурагчийг их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнадаг нь маш их таалагддаг. Миний хувьд монгол бичигтэй холбоотой мэргэжил сонгохыг хүсэж байгаа учраас цаашид уралдаандаа улам идэвхтэй оролцоно.


Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 7б ангийн сурагч З.Монголжингоо:

Монгол бичгээр дахин өөр бүтээл урлана

-Энэ уралдаанд анх удаа “Очирваань”, “Этүгэн” хэмээх хос бүтээлээрээ оролцож түрүүллээ. Маш их баяртай байна. Бүтээлдээ хоёр сарын хугацаа зарцуулсан. Миний ээж Монгол Улсын уран хатгамалч хүн. Намайг тавдугаар ангид байхад зүү ороож хатгахыг зааж өгсөн. Бүтээлдээ Завхан нутгийн шүтээн их хайрхны нэрийг бийрээр бичиж, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийн дөрвөн мөртийг хамгийн нарийн, мэргэжлийн торгон утсаар зүү ороон, хоёр сарын хугацаанд урлалаа. Бүтээлийнхээ доод талд Засагтхан аймгийн тамгыг бичсэн. Монгол бичгээр дахин өөр бүтээл урлахаар төлөвлөсөн. 


СХД-ийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш Х.Амаржаргал:

Хулсан үзгээр бичихэд нэг удаад 5-6 цаг зарцуулсан


-“Монголын сайхан бичигтэн” уралдаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил “Бага ангиас гадаад хэл заах нь зөв үү” сэдвээр эсээ бичиж тэргүүн байрт шалгарлаа. Бүтээлээ хулсан үзгээр бичсэн. Эсээгээ 10 гаруй хоног бодож, судалж, найруулгадаа анхаарч ажилласан. Хулсан үзгээр бичхдээ нэг удаад 5-6 цаг зарцуулсан. Нийт 10 гаруй удаа давтан бичиж, сар гаруй хугацаанд ажилласан.


БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат:

“Монголын сайхан бичигтэн” уралдаан өргөжин тэлснийг харах сайхан байна

-Замдаа сайн явж ирлээ. Миний хувьд өнгөрсөн жил энэ уралдаанд анх удаа оролцож байв. Уралдаан маань улам өргөжсөнийг харах сайхан байна. Чингисийн “Билиг сургаал”-ыг бичиж оролцсон. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг харлаа. Оролцогчид ур юугаа гаргасан байна. Маш гоё, олны харааг булаах бүтээл олон байна.                                                Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод Эрдэм” сургуулийн 8а ангийн багш Б.Долгор:

Энэ жил эхний гурван байрыг Хөвсгөлөөс авсанд баяртай байна

-“Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний шат Хөвсгөл аймагт болсон. Энэхүү уралдаанд хоёр сарын хугацаанд бэлдэж оролцлоо. “Үлэмжийн чанар” дээр бадамлянхуа цэцгийг зурсан. Энэхүү цэцэг маань ариун цагааныг бэлгэдсэн байдаг. Бүтээлээ “Монголын сайхан бичигтэн” уралдааны хошой аварга багшийнхаа санаа, дэмжлэгээр туурвиж, түрүүлсэндээ баяртай байна. Манай аймаг 150 монгол хэл, бичгийн багштай. Монгол бичгийг нийтээрээ хөгжүүлсэн учраас уралдаан маань эхнээсээ л өрсөлдөөнтэй болдог. Улсын уралдааны энэ жилийн эхний гурван байрыг манай аймгийнхан авсанд маш их баяртай байна.


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2-р ангийн сурагч Э.Алтантүлхүүр:

Монгол бичиг тэвчээртэй болгож, зөв төлөвшилд сургадаг

-Би долоон настай. Монгол бичгээр бичиж эхлээд нэг жил болсон. Энд ирээд ах, эгч нарынхаа олон гоё бүтээлийг хараад сайхан байна. Энэхүү уралдаанд “Би монгол бичигт хайртай” гэсэн утга санааг илэрхийлсэн бүтээлээр оролцлоо. Монгол бичгийг анх сурахад огт хэцүү байгаагүй. Харин гоё байсан. Намайг тэвчээртэй болгож, зөв төлөвшилд сургасан. Бас төвлөрч чаддаг болсон.


Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16-ныг дуустал олон нийтэд толилуулна. 




















Related news