АРХАНГАЙ: Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 76 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-18 13:35:25

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2011-2023 онын хугацаанд Хоршоо хөгжүүлэх санд нийт 7.0 тэрбум төгрөг эргэлдэж байна. Үүнээс 686 иргэн, аж ахуйн нэгжид 6.0 тэрбум төгрөгийг олгосон ба эргэн төлөлт 76 хувьтай байна.


Өнгөрсөн 2023 онд эргэн төлөлтөд 1.5 тэрбум төгрөг төвлөрснийг 13 сумын 78 иргэн, аж ахуйн нэгжид олгож, 93 ажлын байрыг нэмсэн байна.


Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн дагуу Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Цэцэрлэг, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур, Хашаат сумдад ХХААГ-ын мэргэжилтэн ажилласан.

 

Эхний байдлаар Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Ихтамир, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур, Хашаат сумдад ажиллахад зээлийн эргэн төлөлт хангалтгүй үнэлгээтэй гарчээ.


Сумдад ажиллах үеэр:

 

1.Зээл авсан иргэн, нэгжийн мэдээллийг программд бүрэн оруулааггүй,

2.Сумын удирдлага болон төсөл сонгон шалгаруулах хороонд орсон гишүүд өөрсдийн танил талд өгсөн,

3.Хоршоо хөгжүүлэх сангийн журам, төсөл сонгон шалгаруулахад шаардлагатай материалын бүрдэл дутуу, хангалтгүй,

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсөл шалгаруулах чиглэл, товыг батлуулдаггүй,

5.Зээлийг зориулалтын бусаар ашигласан, тухайн суманд үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжид зээл олгосон,

6.Сумын ИТХ-аар хяналтын хороог байгуулсан боловч үйл ажиллагаа тогтмол биш, хяналт хийдэггүй зэрэг зөрчил их гарсан байна.

 

Цаашид:

 

Ø  Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсчилсэн үзүүлэх сургалтыг зохион байгуулах,

Ø  Хөдөө аж ахуйн тасгийн жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ, хүнсний асуудал, газар тариалангийн асуудлыг нэг хүн хариуцан хийж байгаа тул хоршоо хөгжүүлэх сангийн программын асуудлыг сумын Төрийн сангийн мэргэжилтэнд хариуцуулах,

Ø  Зарим сумдын салбар хариуцсан мэргэжилтнүүд хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, зээлдэгчдээ шинэ мэдээ мэдээллээр тогтмол хангаж, хамтран ажиллах асуудал учир дутагдалтай тул үүнийг эрчимжүүлэх,

Ø  Сумдад жилд 1-2 удаа аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хяналт, мониторинг хийж байх гэсэн анхаарах асуудлуудыг хэлсэн байна.

Related news