Хөлбөмбөгчид нь Израилыг дэмжсэний учир Туркийн клубүүдийг торгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-01-26 11:08:15

ИСТАНБУЛ, 2024 оны нэгдүгээр сарын 26 /РИА Новости/.  Туркийн хөл бөмбөгийн холбооны /TFF/ Сахилга батын хорооноос тоглогчдынх нь гаргасан үйлдэлтэй холбогдуулан "Антальяспор" ба "Башакшехир" клубүүдийг торгожээ. Эдгээр клубын хоёр хөлбөмбөгчин Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.  


Энэ сарын 15-ны өдөр Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдэхдээ, Анталья хотын Прокурорын газар "Антальяспор" клубт тоглодог Израилын хөлбөмбөгчин Сагив Ехезкел-тэй холбоотой хэргийг шалгаж байгааг дурдсан юм.


Энэ хөлбөмбөгчин Туркийн Суперлигийн тэмцээнд "Трабзонспор" багтай хийсэн тоглолтын (1:1) 68 дахь минутад гоол оруулсныхаа дараа гараа ороосон боолтон дээрх Давидын од бүхий "100 өдөр. 7.10" гэсэн бичиг рүү зааж байжээ. Ингэснээр тэрбээр Газын зурваст 100 хоногийн турш барьцаанд байгаа израилчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа "Антальяспор" клубийн удирдлага “Туркийн үндэсний үнэт зүйлсийн эсрэг үйлдэл хийсний” учир хөлбөмбөгчнийг дараагийн тоглолтуудад оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. Харин дипломат шугамаар ярилцсаны эцэст Израилын хөлбөмбөгчин түр хорионоос чөлөөлөгдөж, нутаг буцсан байна.  


Түүнээс гадна, Истанбулын "Башакшехир" багийн хагас хамгаалагч Эден Карцев Израилын цэргийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн постыг нийгмийн сүлжээнд нийтэлснийхээ дараа Туркээс явсан бөгөөд Израилын “Маккаби” клубт тоглохоор болжээ.  

Related news