Их Британид электрон тамхийг хүүхдүүдэд зарахыг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 29 /TASS/. Их Британид нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газраас танилцуулна гэдгийг Ерөнхий сайд Риши Сунакийн ажлын алба мэдээлэв.
Тус улсад нэг удаагийн электрон тамхи хэрэглэдэг 11-17 насны хүүхдийн тоо сүүлийн хоёр жилд бараг ес дахин нэмэгдсэнтэй холбогдуулан уг хоригийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолжээ. Одоогийн байдлаар 11-15 насны британи хүүхдүүдийн 9 хувь нь электрон тамхи татаж байна.
"Хожим илрэх урхаг нь тодорхойгүй байгаа хэдий ч электрон тамхинд агуулагдах никотин нь маш ихээр донтуулдаг. Түүнчлэн хэрэглэхгүй байх үед сэтгэл түгших, анхаарал сарних, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд үе үе илэрдэг. Электрон тамхи нь насанд хүрэгчдэд тамхинаас гарахад тусалдаг боловч хүүхдүүд хэзээ ч хэрэглэж болохгүй" гэж ажлын албаны мэдэгдэлд дурджээ. Британичуудын 70 орчим хувь нь Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгааг мөн онцолжээ.
Өсвөр насныхны сонирхлыг татахгүй байх үүднээс электрон тамхины шингэний амт, хайрцаг баглаа боодолд тодорхой хязгаарлалт нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн дэлгүүрийн лангуун дээр ил харагдахаар байрлуулахгүй байх, мөн насанд хүрээгүй хүмүүст зарсан тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, 18-аас доош насны хүмүүст зарж борлуулахыг хориглоно.
Их Британийн засгийн газар 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглохоор төлөвлөж байгааг Р.Сунак 10 дугаар сард эрх баригч Консерватив намын их хуралд үг хэлэхдээ мэдэгджээ. Залуу үеийг тамхинд донтох эрсдэлээс сэргийлэх үүднээс уг төлөвлөгөөг парламентаар хэлэлцүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.
Related news

