К.Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хаслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-30 09:00:53

МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 30 /RIA Novosti/. Спортын арбитрын шүүх (CAS) Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн хэргийн талаар шийдвэрээ гаргаж, түүний тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хаслаа. 


Сэргээшийн хэргийг хэлэлцэх сонсгол 2023 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Лозаннад болж, 11 дүгээр сард дахин хоёр хурлыг явуулжээ. Оросын уран гулгагч эдгээр хуралд цахимаар оролцсон байна.


CAS-ын шийдвэрт дурдсанаар, өдгөө 17 настай К.Валиева сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Оросын тамирчны эрхийг хасах хугацаа шинжилгээ өгсөн өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэх бөгөөд К.Валиева энэ хугацаанд хүртсэн бүх шагнал, медалиа хураалгана. 


CAS мөн Оросын сэргээшийн эсрэг агентлаг буюу РУСАДА-гийн сахилгын хорооны шийдвэрийг хүчингүй болгожээ. РУСАДА Валиеваг буруугүй гэж үзэн түүнд шийтгэл ногдуулаагүй бөгөөд зөвхөн Оросын аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтыг нь хүчингүй болгожээ.


Талууд CAS-ын шийдвэрээ гаргасан үндэслэлийг эсвэл түүнд агуулагдаж буй тодорхой мэдээллийг нууцалсан хэвээр байхыг шаардаж болох аж. Талууд хязгаарлагдмал үндэслэлээр 30 хоногийн дотор Швейцарын Холбооны Улсын шүүхэд давж заалдаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж үзнэ. 


Валиеватай холбоотой сэргээшийн дуулиан 2022 оны Бээжингийн Олимпын наадмын дундуур гарсан билээ. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр Валиевагаас авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан нь Бээжингийн Олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээн дууссаны маргааш буюу 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тодорхой болсон юм. Тухайн үед 15 настай байсан Валиева уг тэмцээнд багийн хамт алтан медаль хүртэж, АНУ-ын баг хоёрдугаар байрт орсон билээ.  


CAS Валиеваг Бээжингийн Олимпын тэмцээнээс хасахгүй байхаар шийдвэрлэж, Оросын уран гулгагч ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байрт орсон юм. Олимпын уран гулгалтын багийн төрөлд медаль хүртсэн тамирчдад шагналыг нь гардуулаагүй байгаа бөгөөд энэ тэмцээний үр дүнг хэрхэхийг Олон улсын Олимпын хороо (ОУОХ) шийдвэрлэнэ. 

Related news