СЭЛЭНГЭ: Хүүхэд хамгааллын мэдээллийн сан бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-01 10:45:07

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сурагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, хүүхэд хамгааллын мэдээллийн санг бүрдүүлсэн байна.


Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн хүүхэд хамгааллын багаас санаачлан “Гэрээр айлчлал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.


Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын 2-р улирлын амралтаар 1-12-р ангийн 41 бүлэг, насан туршийн боловсролын танхимаар суралцаж буй сурагчдын нөхцөл байдлыг тодруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна.


Тодруулбал, сурагчдад тулгамдаж буй асуудал байна уу, тусламж, дэмжлэг шаардлагатай эсэх, мөн тэдэнд хараа хяналт байгаа эсэх зэрэгт нөхцөл байдлын судалгаа хийж, мэдээллээ цуглуулсан аж.


Энэхүү “Гэрээр айлчлал” хөтөлбөрийн хүрээнд 1-12 дугаар ангийн анги удирдсан багш нар, НТБ-ын багш нар 215 сурагчийн гэрээр айлчилж, нөхцөл байдлыг нь тодруулжээ.


Анги удирдсан багш нар сурагчдын гэрээр айлчилсан тэмдэглэлээ маягтын дагуу сургуулийн хүүхэд хамгааллын багт танилцуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай сурагчдын мэдээллийг ганцаарчилсан уулзалтаар хүргэсэн байна.


“Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал” учраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхэд хамгаалалд идэвх, санаачилгатай оролцохыг хүүхэд хамгааллын багийн зүгээс уриалж, оролцсон багш нартаа талархал илэрхийллээ.  

Related news