"Индиан Уэлс" тэмцээнд К.Алькараз түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-03-18 11:25:57

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 18 /BBC/. Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Карлос Алькараз “Индиан Уэлс” тэмцээний шувтаргын тоглолтод Оросын теннисчин Даниил Медведевийг буулган авснаар аваргын цомоо хамгааллаа. Тэд өнгөрсөн жилийн тэмцээний финалын тоглолтод мөн тунан үлдэж байсан юм.


Өдгөө 20 настай Испанийн теннисчин К. Алькараз дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй Оросын тамирчныг 7-6 (7-5) 6-1 харьцаагаар буулган авснаар өнгөрсөн долоодугаар сард “Уимблдон”-д түрүүлснээсээ хойш анх удаа аваргын цомыг өргөлөө.


“Би энд тоглох дуртай, энэ газар надад их онцгой санагддаг. Тэмцээний өмнө би хамгийн сайнаараа тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан болохоор энэ жил илүү онцлогтой байлаа. Шагайгаа бэртээсэн тул сайн тоглож чадахгүй байж магадгүй гэж бодож байсан. Эргэлзэх зүйл ихтэй байсан ч саад бэрхшээлийг даван туулсандаа маш их баяртай байна” гэж К.Алькарас “Скай Спортс” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.


Тэрбээр “Индиан Уэлс” тэмцээнд ийнхүү хоёр дахь удаагаа түрүүлснээр /2023, 2024/ 13 дахь түрүүгээ авсан бөгөөд Новак Жокович 2014-2016 онуудад Индиан Уэлс”-т гурав дараалан түрүүлж байснаас хойш хоёр дараалан аваргалсан анхны теннисчин болжээ.

Related news