Бөмбөг зөөгч хүүхдүүд бөмбөгийг тоглогчдод өгдөгийг болиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-30 20:50:41

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 30 /The Telegraph/. Болбой буюу талбайгаас гадагш гарсан бөмбөгийг зөөдөг хүүхдүүд цаашдаа бөмбөгийг хөлбөмбөгчдөд дамжуулан өгдөг явдлыг хориглох шийдвэрийг Английн Премьер Лигийн удирдлага гаргажээ.


Учир нь, бөмбөг зөөдөг хүүхдүүд өөрийн багийн довтолгоог дэмжихийн тулд гадагш гарсан бөмбөгийг тоглогчдод маш хурдан өгөх, эсвэл гоолын  харьцааг хадгалахын тулд бөмбөгийг өгөлгүй зориудаар саатуулдаг тохиолдлууд бий. Ийм үйлдлүүд нь талбайн эзэн багт шударга бусаар давуу талыг олгодог.


Шинэ дүрмийн дагуу хөлбөмбөгчид хамгийн ойр байгаа конус хэлбэрт тэмдэглэгээний шонгийн дэргэдээс бөмбөгийг авч тоглолтыг дахин эхлүүлэх ёстой. Харин “Ball assistants” гэгддэг бөмбөг зөөгч хүүхдүүд тоглолтын үеэр уг конусанд ойр зогсож болохгүй, гэхдээ бөмбөгийг хоосон байгаа конусын дэргэд буцааж тавих үүрэгтэй.


Мөн дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу тоглолтын үеэр талбайн хажуугийн дагуу нэмэлт 4 ширхэг бөмбөгийг тавина. Ингэснээр бөмбөг зөөгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүд ба тоглогчдын хооронд үл ойлголцол үүсгэхгүй юм.


Үл ойлголцож байсан тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, энэ улирлын эхээр “Фүүлхэм” багийн хаалгач Бернд Лено баг нь хожигдож байх үед бөмбөг зөөгч хүүг түлхэж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна. Энэ тухайд тус багийн ахлах дасгалжуулагч Марко Силва ярихдаа “манай хаалгач тоглолтыг хурдан эхлүүлэх гэж оролдсон....харин бөмбөгийг удаан барьж, тоглолтыг саатуул гэсэн зааврыг хүүхдүүдэд хэн өгснийг би мэдэхгүй” гэжээ.


Үүнтэй холбоотой хамгийн ихээр шуугиан тарьсан тохиолдол бол, Бельгийн хөлбөмбөгчин Эден Азар 2013 онд "Челси"-д тоглож байхдаа бөмбөг зөөгч хүүгээс бөмбөгийг авахын тулд түүнийг өшиглөсөн явдал юм. Чарли Морган гэдэг тэр хүү өдгөө архи үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт маш амжилттай яваа бөгөөд 11 жилийн дараа Э.Азартай уулзаж, брэндийн архиараа дайлжээ. 

Related news