СЭЛЭНГЭ: Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-01 16:02:21

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд ойн сан бүхий байгалийн баялаг ихтэй газруудад байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарах нь нэмэгджээ.  

 

Иймээс Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад мэргэшсэн сургалт, иргэдэд мэдээ мэдээлэл өгөх зорилгоор бүсчилсэн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

Экологийн цагдаагийн албанаас энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийг сонгон дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

 

Сургалтын талаар ЭЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Ууганхүүгээс тодрууллаа.

 

-Тэрбээр, "Хүрээлэн буй орчны эсрэг 10 төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Эдгээр 10 төрлийн гэмт хэрэгт хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох, хайх, хууль бусаар ан агнах гэсэн 3 төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

 

Сүүлийн 5 жилийн тоон судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд  2747 бүртгэгдсэн байна. Үүний 400 гаруй нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.

 

Иймээс энэ тоон мэдээнд үндэслээд дээрх төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн бүс нутагт зохион байгуулах зорилгоор Сэлэнгэ аймагт энэ сургалтыг зохион байгуулж байгаа" хэмээн ярилаа.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагпаагийн алба, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг” сэдэвт бүсчилсэн сургалтад тус аймгийн ойн сан бүхий Мандал, Ерөө сум, Бугант тосгоны ААН-ээс нийт 300 гаруй иргэн, 80 гаруй алба хаагч оролцсон байна.

Related news