Леброн Жеймсийн хүү НБА-гийн драфтад нэрээ өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /dailysports/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймс тус холбооны 2024 оны драфтад нэрээ өгөхөөр шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсанд мэдэгдсэн байна.
“Өнгөрсөн он миний хувьд уналт, босолттой жил байсан хэдий ч эр хүн, оюутан, тамирчин хүний хувьд өсөж дэвжихэд минь нөлөөлсөн. Би коллежид суралцах эрхээ хадгалан НБА-гийн драфтад оролцохоор шийдлээ. Оюутан болсон анхны жилээ гайхалтай өнгөрүүлсэн Өмнөд Калифорнийн их сургуульд баярлалаа. Үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхөд, эмч, дасгалжуулагч, шүтэн бишрэгчдэдээ баярлалаа" гэж Бронни Жеймс бичжээ. Леброн Жэймс хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөддөг гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм.
2023 оны долоодугаар сард Бронни Жэймс бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сард карьераа үргэлжлүүлэх зөвшөөрөл авчээ.
Өдгөө 19 настай Бронни Жэймс өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт нь 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт нь 2.1 байна.