БАЯНХОНГОР: 10 га талбайд 15 мянган мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-01 13:24:48

Баянхонгор. 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын төвийн хойд хэсэгт 10 га талбайд 15 мянган мод тарьж байна. Энэ ажлыг Баянхонгор аймгийн Жинст сум, БНСУ-ын Кёнги аймгийн "Co and Do" байгууллага, "Номин Богд" ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд мод тарилт 40 хувьтай үргэлжилж байна.


Говь нутагт хамгийн сайн ургах боломжтой гурван настай улиас, хайлаас мод тарьж байна. Энэ ажлын хүрээнд 10 га талбайг бүрэн услах услалтын систем, худаг, ус нөөцлөх гурван ширхэг 60 тн сав болон харуул хамгаалалтын зардал гэх мэт нийт 480 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Жинст сум 100 жилийн түүхтэй. Говь нутагт сүүлийн жилүүдэд ган гачигтай, цөлжилт зэрэг олон сөрөг үзэгдлүүд үүсэж тэр хэмжээгээр ногоон байгууламж жил ирэх бүр доройтож буй. Говь нутгийн цөлжилтийг сааруулах, моджуулах ажлыг орон нутаг, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хийж хэрэгжүүлж эхэлсний жишээ нь энэ ажил болж байна.


Жинст сум Улаанбаатар хотоос баруун урагш 780 км зайтай, Баянхонгор аймгийн төвөөс зүүн урагш 100 км зайд оршдог. Зүүн ба хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Богд, урд талаараа Баянговь, баруун өмнө талаараа Баянцагаан, баруун ба баруун хойд талаараа Баацагаан, Баян-Овоо сумтай тус тус хиллэнэ.


Тус сум нь говь-хангай хосолсон өвөрмөц онцлогтой, хойд ба зүүн хэсэг нь талархаг бөгөөд Түйн гол урсан өнгөрдөг бол баруун өмнөд хэсэг нь уулархаг ба Говь-Алтайн нурууны салбар Их Богдын нуруу, Нарийн харын нуруу, мөн хоорондох хотгор нууруудын хөндий зэрэгцэн оршино. Их Богдын уулс нь зуны улиралд нам доороо халуу шатаж байхад бэлээс дээших бүсэд сэрүү татан үүл гаран хур бороо орж байдаг онцлогтой.


Жинст суманд хамгийн ойр орших Баянхонгор аймгийн Цаг уурын станцын (Жинстээс хойш 100 км зайд) ажиглалтын мэдээнээс харахад дундаж температур 50 жилийн хугацаанд 5-аас дээш хэмээр өссөн нь улсын дундаж температурын өсөлттэй харьцуулахад харьцангуй өндөр байна. Агаарын хэм өвөл 30-40 градус хүйтэн, зун 30-40 градус дулаан, хавар нэлээд шуурга тавьдаг, жилд дунджаар 10-15 мм хур тунадас унадаг.

Related news